Лугина Сэтявате: Байгаль орчны олон улсын байгууллагуудтай хамтран ажилласнаар үр дүн гарч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. “Зүүн Азийн орнуудын уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөгжлийн төлөөх хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын симпозиум хэлэлцүүлэг МУИС-ийн номын санд өнөөдөр боллоо.
Манай улсын хараат бус байдлын IRIM судалгааны хүрээлэн Япон улсын Сэншү их сургуультай хамтран зохион байгуулсан уг симпозиумаар Монгол, Япон, Тайланд, Тайвань, Индонез, Филиппин, Вьетнам, БНСУ, Тайванийн эрдэмтэн судлаач нар уур амьсгалын өөрчлөлт нийгмийн сайн сайхан байдалд хэрхэн нөлөөлж буй талаарх судалгаа танилцуулан, илтгэл тавин хэлэлцлээ.
Энэ талаар IRIM судалгааны хүрээлэнгийн ерөнхийлөгч Х.Бэхбатаас тодруулбал, “Уур амьсгалын өөрчлөлт дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болж байгаатай холбоотой нийгмийн сөрөг нөлөөллийг сааруулах эрсдлийн чадварыг тодорхойлох явдал улс орон бүрд чухал болж байна. Энэ нь нөхцөл байдлаас шалтгаалж өөр өөрөөр гарч ирж байна. Тиймээс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хариу арга хэмжээ, үйл ажиллагааг хамтатгахаас гадна улс орны онцлогуудыг судалж гаргаж байна” гэв.
Жишээ нь, Индонез улсын хувьд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гол нөлөөлж буй аюул бол ой устаж, үгүй болж байгааг Индонезийн Их сургуулийн профессор Лугина Сэтявате хэлсэн юм. Тэрбээр олборлох салбарын, ялангуяа уул уурхай байгаль орчныг доройтуулахад их нөлөөлж байгаа. Үүнийг бид судалж байна. Энд олон нийтийн байгууллагуудын оролцоо чухал бөгөөд байгаль орчны ТББ-ууд олон улсын энэ чиглэлийн байгууллагуудтай хамтран ажиллаж гарц, шийдэл хайж байна гэв.
Ямар шийдэл, гарц гарч буй
талаар түүнээс тодруулбал, “Манай Зүүн Өмнөд Ази эмзэг мэдрэмтгий бүс нутгийн
нэг учир энд уур амьсгалын өөрчлөлт үндэсний түвшинд, орон нутгийн болон
иргэдэд хүртэл хүндээр тусаж байна. Тиймээс бид энд их анхаарч ач холбогдол өгч,
хууль тогтоогч нар, төр, засагт зөвлөн ажиллаж байна. Үүний нэг илрэл нь судалгааны
хөтөлбөрийг их, дээд сургуульд хэрэгжүүлж байгаа явдал юм.
Гарц, шийдлийн хувьд, нэгдүгээрт,
манайд байгаль орчны төлөөх иргэдийн хөдөлгөөн хүчтэй, идэвхтэй байж, хамгийн
гол нь байгаль орны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын
байгууллагуудтай сайн хамтран ажилладаг.
Олон улсын байгууллагын төлөөлөл Индонезид их ирж, олон нийтийн хөдөлгөөнийг мэдээллээр хангах, мэдлэгжүүлэх, идэвхжүүлэх зэргээр дэмжин ажилладаг. Хоёрдугаарт, иргэдийн хөдөлгөөн байгаль орчноо хамгаалах талаар төр, засгийг анхаарч, хөрөнгө гаргаж ажиллахыг шахаж шаардаж ажилладаг гэв. Эцэст нь, Индонез улс нь том орон ч гэлээ олон жижиг арлуудаас бүрддэг учир тэнд амьдардаг угтсааны бүлгүүдийн уугуул иргэдийн ахуй байдал, байгаль орчноо хамгаалж ирсэн уламжлалт аргууд дээр их түшиглэн ажилладаг нь үр дүнтэй байдаг гэв.
“Зүүн Азийн орнуудын уур
амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөгжлийн төлөөх хамтын ажиллагаа” олон улсын
симпозиум хэлэлцүүлэг дээр Зүүн Азийн орнууд “Азийн орнуудын нийгмийн сайн
сайхан байдлыг судлах консерциум” байгуулан ажиллаж буйг Японы Сэншү Их
сургуулийн профессор Масаюуки Канай танилцуулсан юм.
“Бид Азийн орнуудын
нийгмийн сайн сайхан байдлыг судлах консерциумыг 2016 онд байгуулсан. Энд Зүүн
Азийг төлөөлж Монгол, БНСУ, Япон, Тайвань, Зүүн Өмнөд Азийг төлөөлж Индонез,
Вьетнам, Филиппин, Тайланд орж, нийт 8 орны эрдэмтэн судлаачид хамтран ажиллаж
байна.
Тэрбээр, өмнө нь хувь хүний аз жаргал, иргэний сайн сайхан байдлыг ярьж судалдаг байсан бол одоо энэ байдлыг өргөтгөж, нийгмийн сайн сайхныг авч үзэн, хувь хүн нийгэмтэйгээ хэр нийцтэй амьдарч байгаад судалдаг болсныг онцлон хэллээ. Энд гамшиг ослоос эхлээд хүнд тулгадаг нийгмийн бүх асуудал орж ирж, төр, засаг, олон нийтийн нийгмийн хамгааллын системийг чухалчлан авч үздэг болсон. Хүн хоорондын буюу гэр бүл, хөршүүд, найз нөхөд, үндэсний олонх, цөөн гээд нийгэмд оролцож буй бүлэг хоорондын харилцаа чухал байр суурийг эзэлж байна гэв.