5.6 километр урттай, зургаан эгнээ авто замтай туннел барина
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, 10 орчим асуудлыг хэлэлцжээ.
Улмаар Засгийн газрын
хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулсан юм.
Энэ үеэр нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх туннелийн төслийн талаар Монгол Улсын сайд, 20 минутын хот-Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн мэдээлэл өгөв.
Тэрбээр “Нийслэлийн тодорхой хэсэг буюу төрийн байгууллагуудыг Богд уулын урд тал руу гаргах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Энэ хүрээнд Засгийн газрын хуралдаанд төсөл хөтөлбөрүүдээ танилцууллаа. Эдгээр төслийг гэнэт ярьсан зүйл биш. Өмнөх Засгийн газрын үед ч тооцоо, судалгааг нь хийж байсан.
Go.mongolia буюу “Өөдөө тэмүүлэх Монгол” гэх ган татлагатай 900 метр гүүр хийх, гүүрний цаад тал руу Богдхан уулын туннелийг барих юм. Энэхүү туннел 5.6 километр, зургаан эгнээ авто замтай байх бөгөөд төрийн захиргааны байгууллагуудын нэгдсэн цогцолборыг Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт буюу бидний ярьдагчлан Кувейтийн ам руу гаргана.
Мөн Хөшигтийн хөндийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд их багтаамжийн
нийтийн тээврийн хэрэгсэл, метротой уялдуулан хөнгөн галт тэрэгний шугамын
төслийг хэрэгжүүлэх, Туулын хурдны зам болон шинэ тойрог замын ажлыг эхлүүлэх
зэрэг томоохон төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Түгжрэлийг
бууруулах, 20 минутын хот төслийн хүрээнд Улаанбаатар хотод олон ажил хэрэгжинэ”
гэлээ.