ЗАВХАН: Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-07-25 15:00:46

Улиастай, 2024 оны долоодугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн тарваган тахлын эрсдэл бүхий сумдын нутаг дэвсгэрт голомтыг хянах тандалт шинжилгээ хийж байна.


Завхан аймгийн нийт нутаг дэвсгэрийн 74.2 хувь буюу 17 сум тарваган тахлын голомттой. Үүнээс Эрдэнэхайрхан, Яруу, Түдэвтэй, Нөмрөг, Сонгино, Отгон зэрэг суманд тарваган тахлын голомтын идэвхжил их байдаг.


Амралт, аяллын энэ саруудад иргэд аялж зугаалахдаа тарвага агнах, мөн тарваганы мах худалдан авч идэх нь их байна. Энэ нь маш их эрсдэл дагуулдаг.


Тарваган тахал нянгаар үүсгэгддэг. Мэрэгч амьтад, тэдний бөөс бүүргээр дамжин халдварладаг, ихэвчлэн тунгалгийн зангилаа уушгийг хоёрдогчоор гэмтээдэг. Халуурч хурц хордлого өгдөг зоонозын халдварт өвчин юм.

 

Тарваган тахал үүсгэгч нянг зөвхөн тарваганд л байдаг гэсэн ойлголт иргэдийн дунд бий. Гэхдээ энэ нян нь бүх мэрэгч амьтанд байдаг. Ялангуяа бөөс, бүүргээр дамжин халдварлах эрсдэлтэй.


Тухайлбал, тахалтай тарвага болон мэрэгч амьтдыг хазсан бөөс, бүүрэг нь хүнийг хазахад тахал үүсэх эрсдэлтэй юм.

Тиймээс мэрэгч амьтны нүх, дош, сэг зэмээс хол явах, тарвага агнахгүй, тарваганы мах идэхгүй, тарваганы түүхий эд, эрхтнийг хэрэглэхгүй, тарвагыг тээвэрлэх, хадгалахгүй байхыг зөвлөж байна.

Тарвагыг нохойгоор бариулахгүй байх, мөн урхи, хавхаар агнахгүй, гэр орондоо агнасан тарвага, арьс хадгалахгүй байх, хүүхдийг тарваганы дошин дээр тоглуулахгүй байх, мэрэгч амьтан гэр орондоо орохоос сэргийлж тор хийх, май тавих, гэрийн нохойг байнга уяатай байлгах нь урьдчилан сэргийлэх арга юм. 

 

Ялангуяа амарч зугаалж явахдаа хөдөө, хээр үхсэн, хөдөлгөөн удааширсан тарвага таарвал хүрч болохгүйгээс гадна энэ тухайгаа Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн 70462432, 90908399, 99040668  дугаарын утсаар яаралтай мэдэгдээрэй. 

Тарваган тахлын эрсдэлд өртсөн, эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдээлж дуудлага өгөх хэрэгтэй гэж Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээлэв.


Тарваган тахлын голомтыг хянах зорилготой тандал шинжилгээ хийж байна


Завхан аймгийн тарваган тахлын эрсдэл өндөр сумд


Тарваган тахлын голомтыг хянах зорилготой тандал шинжилгээ хийж байна

Холбоотой мэдээ