К.Харрис санал асуулгын дүнгээр илүүрхэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2024 оны долоодугаар
сарын 24. /РОЙТЕРС/. Ардчилсан
намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлал өндөртэй байгаа АНУ-ын дэд
ерөнхийлөгч Камала Харрис БНН-аас нэр дэвшсэн Дональд Трампаас нэр хүндийн
хувьд илүү байна. Үүнийг Ройтерс агентлаг ба социологийн судалгааны Ipsos
албанаас хамтран явуулсан олон нийтийн санал асуулгын дүн харууллаа.
АНУ-ын насанд хүрсэн 1241 иргэн оролцсон уг санал асуулгын дүнгээр Харрисыг дэмжиж буй хүмүүсийн тоо Трампыг дэмжигчдийнхээс 2 пунктээр илүү буюу 44:42 гэсэн хувийн харьцаатай байжээ. Уг асуулгыг Байден ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнөөс гарахаа мэдэгдсэний дараа буюу 22-23-ны өдрүүдэд явуулжээ. Харин 6 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд явуулсан санал асуулгын дүнгээр дээрх харьцаа 44:44 хувь байсан бол 7 дугаар сарын 1-2-нд явуулсан санал асуулгаар Трамп 1 пунктээр илүүрхэж байсан юм.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 11
дүгээр сарын 5-нд болно. Тус сонгуульд Ардчилсан намыг төлөөлөн Ж.Байден
оролцоно гэж үзэж байсан боловч 6 дугаар сарын 27-нд Трамптай хийсэн мэтгэлцээнд
тэрбээр тун тааруухан оролцсон тул намынх нь лидерүүд өрсөлдөөнөөс гарахыг түүнд уриалах болсон
юм. Ингээд 21-ний өдөр Ж.Байден өрсөлдөөнөөс гарахаа мэдэгдэж, дэд ерөнхийлөгч
К.Харрисыг сонгуульд нэр дэвшүүлэхийг дэмжсэн билээ.