Папуудын ордны үлдэгдэл туурийг олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-07-19 12:43:50

РОМ, 2024 оны долоодугаар сарын 19 /CNN/. Ромын пап нарын Ватиканд суурьшихаасаа өмнө амьдарч байсан Дундад зууны үеийн ордны үлдэгдлийг Ром хотод илрүүлэн малтлага хийж байгаа тухай Италийн Соёлын яам мэдэгджээ. 2025 онд тохиох католик шашинтнуудын Ариун жилийг угтан сэргээн босгох ажлын хүрээнд уг малтлагыг хийж байна.


Хотын төв дэх Гэгээн Жон Латераны сүмийн гаднах талбайд ажиллаж буй археологичид IV зууны үед эзэн хаан Константины санаачилгаар барьсан Патриархио сүмийн хамгаалалтын хананууд зэрэг архитектурын цогц байгууламжийг илрүүлсэн гэж яамны мэдэгдэлд дурдсан байна.


Энэ бол Ром хотын Дундад зууны үеийн түүхэнд хамаарах онцгой ач холбогдолтой олдвор бөгөөд учир нь, орчин цаг үед уг талбайд археологийн өргөн хүрээтэй малтлага хийгдэж байгаагүй юм. Константин хаан 313 онд Ромын эзэнт гүрэнд христийн шашныг шүтэхийг зөвшөөрөх тухай тунхагласны дараа баригдсан уг барилга нь 9-13-р зууны хооронд үе шаттайгаар өргөжин тэлж, 1305 онд Францын Авиньон хот руу түр нүүх хүртэл папын засаг захиргаа энд байрлаж байжээ.


Италийн нийслэлд 30 сая гаруй мөргөлчдийг татах төлөвтэй байгаа Ариун жилийн өмнө Гэгээн Жон Латераны сүмийн эргэн тойрон дахь талбайг засан тохижуулж байгаа ажээ. Ирэх 12 дугаар сард эхлэх энэхүү үйл явдлын үеэр католик шашинтнууд тодорхой болзлыг биелүүлж, сайн үйлс хийж, мөргөл үйлдвэл тусгай өршөөл хүртэх буюу гэм нүглээ цайруулах боломжтой.


Ромын эртний түүх нь ойролцоогоор 2800 жилийн өмнөх үеийг хамардаг тул зам засварын ажлууд хийх явцад археологийн нээлтүүд хийх нь олонтаа. Саяхан ойн баярыг угтан хийж буй Ватиканы ойролцоох замын хонгилыг сунгах ажлын үеэр эртний Ромын “фуллоника” буюу угаалгын газар, эзэн хаан Калигулагийн зугаалдаг байсан цэцэрлэгийн ул мөр олдсон байна.

 


Холбоотой мэдээ