Санхүү-эдийн засгийн АРХИТЕКТОР

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khandmaa@montsame.gov.mn
2024-07-15 22:22:06

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Эдийн засгийн салбарын олон гарамгай эрдэмтдийг  мэргэжлийн хүрээнийхнээс өөр хүмүүс бараг мэддэггүй бол харин эдийн засагч Жеффри Сакс 1990-ээд оны үед жинхэнэ “од” болж байлаа. Яг л философич Фрэнсис Фүкүяма, домогт сагсан бөмбөгч Майкл Жордан нарын адилаар.


Тухайн үед түүний нэрийг телевизийн мэдээ бүрд дурдаж, хямралд нэрвэгдсэн хуучин социалист орнуудын эдийн засгийг аварч буй “цочир эмчилгээний доктор” хэмээн өргөмжилж байсныг улс төр, эдийн засаг сонирхдог 50-иас дээш насныхан сайн санаж байгаа биз ээ.

Юуны түрүүнд, цочир эмчилгээний онолыг үндэслэгч гэдгээр нь Америкийн эдийн засагч Жеффри Саксыг ихэнх хүн мэддэг. Үзэл санааны итгэл үнэмшлийн хувьд Сакс бол неолиберализмыг баримтлагч, Америкийн эдийн засагч, монетарист онолч Милтон Фридманы үзлийг дагагч хүн юм.     

1940-өөд оны сүүлчээр дайнд сүйрсэн Герман улсад үнийг чөлөөлж, төрөөс үйлдвэр аж ахуйн газруудад үзүүлж байсан татаасыг зогсоосноор эдийн засаг нь асар богино хугацаанд сэргэж, авторитар дэглэмтэй улсаас зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан улс болж хөгжин цэцэглэсэн билээ. Энэхүү “Германы эдийн засгийн гайхамшиг” нь хамгийн үр дүнтэй арга мөн гэсэн итгэл үнэмшлийг Жеффри Саксад өгчээ. 


Цочир эмчилгээ гэдэг нь эдийн засгийн хямралыг даван туулах зорилгоор хийж буй эрс шинэчлэлийн арга хэмжээнүүд бөгөөд социалист системийн орнууд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих явцдаа уг огцом шинэчлэлийг хэрэгжүүлсний зарим нь амжилттай болж, зарим нь бүтэлгүйтсэн билээ.

Товчхон тайлбарлаваас, эдийн засаг нуран унаж буй их хямралын үед түүнийг сэргээн босгох хэрэгтэй. Үүний тулд хагас дутуу арга хэмжээ авах нь ямар ч үр дүнд хүргэхгүй, эсрэгээр байдлыг улам хүндрүүлдэг тул эрс шинэчлэл хийх шаардлагатай болдог. Цочир эмчилгээ гэдэг нь анагаах ухааны хэллэг бөгөөд цахилгаан гүйдлийн эмчилгээний аргыг хэлдэг ажээ. Өөрөөр хэлбэл, бүхий л эмчилгээг хийсэн ч ямар ч үр дүнгүй болсон тохиолдолд эцсийн арга хэмжээг авч, өвчтөний толгойд электрод суулган, тог гүйлгэнэ гэсэн үг. Унаж татах өвчин, хүнд хэлбэрийн сэтгэл гутрал, солиорлыг эмчлэхийн тулд сэтгэцийн эмгэг судлал, мэдрэл судлалын ухаанд түгээмэл хэрэглэдэг арга юм.


Дэлхийн хөгжилд санаагаа чилээж, хүмүүнлэгийн үйлсэд бие сэтгэл, оюун ухаанаа зориулж байгаагийнх нь төлөө олон хүн Саксад талархдаг бол түүний хатуу шүүмжилдэг хүмүүс ч цөөнгүй байдаг. Тухайлбал, Орос, Боливи болон Африкийн зарим улсад түүний зөвлөмжийн дагуу шинэчлэл хийсэн боловч хүсэн хүлээсэн үр дүнд хүрээгүй хэмээн гомдоллодог.

1990-ээд оны сүүлч, 2000 оны эхээр Сакс ядууралтай тэмцэх, нийгмийн эрүүл мэнд, буурай хөгжилтэй орнуудын тогтвортой хөгжлийн асуудлаар дагнан ажиллаж эхэлжээ. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий бичгийн дарга Кофи Аннан, Бан Ги Мүүн нарын тусгай зөвлөхөөр ажиллаж байв.

Өлсгөлөн, хүйсийн тэгш бус байдлыг арилгахаас эхлээд экологийн тогтвортой байдлыг хангах зэрэг дэлхий дахиныг хамарсан глобал асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө тууштай зогсдог хүн бол чухамдаа Жеффри Сакс юм. Энэ нь түүний нэр хүндийг олон улсын тавцанд ихээхэн бэхжүүлжээ.


Жеффри Сакс бол эдийн засгийн нарийн чанд дүн шинжилгээг дэлхийн сайн сайхны төлөөх гүн итгэл үнэмшилтэйтэйгээ хослуулсон өвөрмөц сэтгэлгээтэй хүн юм. Түүний судалгааны замнал дахь ололт амжилт ба бүтэлгүйтэл нь тогтвортой хөгжил ба дэлхий дахины хамтын ажиллагааны асуудлаарх үзэл баримтлалд нөлөөлсөн хэвээр байна.


Тэрбээр 2005 онд “Ядуурлын төгсгөл. Манай эрин үеийн эдийн засгийн боломжууд” гэдэг номоо бичихдээ дэлхий дахинд хэрэгжүүлсэн олон туршлагыг судалж, ойрын 20 жилийн хугацаанд нэн ядуу байдлыг халах арга замуудыг тодорхойлжээ. Энэ номын агуулга нь 1930 онд Жон Кейнсийн бичсэн “Бидний үр ач нарын эдийн засгийн боломжууд” гэдэг сонгодог эссээнийхтэй тун төстэй. Америк орон Их хямралд нэрвэгдээд байсан тэр хүнд хэцүү цаг үед Кейнс бичихдээ, “Аж үйлдвэр хөгжсөн орнуудад XX зууны сүүлч гэхэд ядуурлыг арилгах боломжтой” хэмээж байсан нь өдгөө амьдрал дээр биеллээ олжээ. Үүнд урамшин зоригжсон Сакс манай үеийнхний өмнө тулгамдсан сорилт болж буй нэн ядуу байдлаас бүрмөсөн ангижрахыг уриалж байна.

“Ядуурлыг эцэс болгох технологийн ба эдийн засгийн боломжууд бидэнд байгаа боловч үүнийгээ ашиглахгүй байна. Энэ бол баячууд нь хэт харамч бөгөөд алсын бодолгүй, улстөрчид нь дайн дажныг тогтвортой хөгжлөөс илүүд үздэгтэй холбоотой. Хэрвээ бид геополитикийн өрсөлдөөн бус харин ядуурлыг устгахад чиглэсэн тогтвортой хөгжлийн зорилтод төвлөрсөн бол ядуурлыг эцэс болгох бүрэн боломжтой” гэдгийг Сакс дурддаг.   

Нэг үгээр хэлбэл, Жеффри Сакс бол ЗХУ задран унасны дараах барууныхны бүрэн давамгайлал дор бий болсон санхүү-эдийн засгийн тогтолцоог бүтээгч архитектор гэж дүгнэхэд хэтрүүлсэн болохгүй.

Товч намтар

Жеффри 1954 оны 11 дүгээр сард Мичиган муж улсын Оук-парк хотод еврей гэр бүлд төрсөн. Түүний эцэг Теодор Сакс хөдөлмөрийн маргааны асуудлаар мэргэшсэн хуульч хүн байжээ. Дунд сургууль төгссөнийхөө дараа Жеффри Харвардын их сургуульд элсэж 1976 онд бакалаврын, хоёр жилийн дараа философи болон эдийн засгийн ухааны магистрын зэрэг хамгаалжээ.

Төрөлхийн авьяаслаг тэрбээр 1980 онд философийн ухааны докторын зэрэг хамгаалж, Харвардыг төгссөнийхөө дараа их сургуульдаа багшаар үлдэв. Жеффри тус сургуульд 12 жил багшлахдаа Германы эдийн засгийн шинжлэх ухааны төв номын санг үүсгэн байгуулагч Бернард Хармсын шагналыг хүртэж байлаа.

2002 онд Колумбын их сургуулийн Дэлхийн хүрээлэнгийн захирлаар томилогдсон бол мөн онд ядууралтай тэмцэх, буурай орнуудын өрийг хүчингүй болгох, гуравдагч ертөнцийн орнууд дахь өвчний тархалтыг хянах асуудлууд эрхэлсэн   НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр томилогджээ.

2004-2005 онд Америкийн “Тайм” сэтгүүл Жеффри Саксыг дэлхийн хамгийн нөлөө бүхий хүнээр нэрлэсэн бол “Нью-Йорк Таймс” сонинд дэлхийн хамгийн нэр хүндтэй эдийн засагч хэмээн тодорхойлжээ.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ