Сэтгэцийн эмгэгээс сэргийлэх талаар сургалт явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-10-10 18:37:16
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймагт хүүхэд хөгжил төвийн төсөлд хамрагддаг 60 хүүхдийн ар гэр асран хамгаалагчийг  сэтгэлзүйн тусламжийг хүргэх чиглэлээр сургалтад хамрууллаа.

Сургалтыг СЭМҮТ-ийн сувилахуйн алба болон сэтгэцийн эмгэг судлалын зургадугаар клиникийн хамт олон болон Төв аймгийн эрүүл мэндийн газрын сэтгэц хариуцсан мэргэжилтэн Х.Болормаа хамтран сургалт зохион байгуулж байна.

Хүний эрүүл мэнд, ажиллах чадвар, амьдралын хэв маягт сөргөөр нөлөөлдөг донтох эмгэгийн үед гарах өөрчлөлтүүдээс урьдчилан сэргийлэхэд суралцах явдал уг сургалтын үр дүн юм.

Мөн донтох эмгэгт өртөхгүй байх талаар анхааруулах, өртсөн тохиолдолд гарах арга замыг заан сургахад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн үүрэг оролцоо чухал бөгөөд ард иргэдийн мэдлэгийг тасралтгүй дээшлүүлж байх шаардлагатай талаар зохион байгуулагчид онцолсон юм.

Сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг 1999 оноос жил бүр тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд энэ жилийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг “Сэтгэцийн эрүүл мэнд ба сэтгэлзүйн тусламжийг хүн бүрт хүргэцгээе” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ үйл ажиллагаатай холбогдуулан иргэдийн дундах сэтгэцийн эрүүл мэндийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, сэтгэцийн болон донтох эмгэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, өртсөн тохиолдолд хэрхэн гарах аргад сургахаас гадна сэтгэцийн эрүүл мэндийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор дээрх сургалтыг зохион байгуулж байна. 

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ