Т.Болор: Аудитаар өгсөн албан шаардлагыг хэрэгжүүлээгүйгээс зөрчлийг давтан гаргасаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-06-18 16:41:41

Сүхбаатар, 2024 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор Т.Болортой ярилцлаа.


-Танай байгууллагаас хийж гүйцэтгэдэг санхүүгийн тайлангийн аудитын талаар тодруулна уу? Тухайлбал 2024 онд хийж гүйцэтгэсэн ажлаасаа товч танилцуулна уу?

-Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газраас Төсвийн тухай хуульд заасан цаглаварт хугацааны дагуу 308 байгууллагын 2023 оны 12 дугаар сарын 31-нд дуусвар болсон санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайлангийн аудит хийж гүйцэтгэлээ.

 

Энд аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 1, сумын төсвийн төвлөрүүлэн захирагчийн 17, төсөвт байгууллага буюу төсвийн шууд захирагчийн 263, төрийн болон орон нутгийн өмчит 27 аж ахуйн нэгж хамрагдсан.

 

Үүнээс 157 санхүүгийн тайланг аудитын түүвэрт хамруулж, 151 санхүүгийн тайланд бие даасан дүгнэлт өглөө. Тодруулбал 128-д нь өөрчлөлтгүй, 23-т нь хязгаарлалттай гэсэн дүгнэлтийг өгсөн байна.

 

-2024 оны санхүүгийн тайлангийн аудитаар 23 санхүүгийн тайланд хязгаарлалттай дүгнэлт өгсөн гэж байна. Санхүүгийн тайлангийн аудитын үр дүнгээр албан тушаалтнуудад хариуцлага тооцдог уу?

-2023 оны санхүүгийн тайланд Баруунбүрэн, Жавхлант, Зүүнбүрэн, Түшиг, Шаамар сумын ТТЗ, аймгийн ИТХ, аймгийн Нэгдсэн эмнэлэг, “Ачит амирлуулагч”, “Үйлст эмнэхүй”, “Хараа манал” ӨЭМТ, Мандал сумын 2 дугаар цэцэрлэг, ЕБ-ын 4-р сургууль, “Төгөлдөр Ерөө” ОНӨААТҮГ, “Өргөн Сэлэнгэ үйлчилгээ” ААТҮГ, Сайхан сумын 1 дүгээр сургууль, “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ, Сүхбаатар сумын 5 дугаар сургууль, 1-р цэцэрлэг, “Сэлэнгэ Цэнгэг Ус” ОНӨААТҮГ, “Туулын хишиг” ОНӨААТҮГ, Хушаат сумын 1 дүгээр цэцэрлэг, “Гавшгай ус” ОНӨААТҮГ гэсэн байгууллагад хязгаарлалттай дүгнэлт өгсөн:

 

Төрийн аудитын тухай хуульд зааснаар “... хүчин төгөлдөр болсон албан шаардлага, төлбөрийн актыг хугацаанд нь биелүүлээгүй, ... санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан, ... албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн нь аудитаар илэрсэн бол тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно”  гэж заасан байдаг.

 

Иймээс үүний дагуу өмнөх оны аудитаар өгсөн албан шаардлагыг хэрэгжүүлээгүйгээс зөрчлийг давтан гаргасан, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлж, албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, материаллаг хэмжээний зөрчил гаргасан зэрэг нийт 25 албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлага хүргүүлээд байгаа.

 

-2023 оны санхүүгийн тайлангийн аудитаар нийт хэдэн төгрөгийн зөрчил илрэв?

-Аудитаар 139,380.3 сая төгрөгийн зөрчил илэрсэн. Бид нягтлан бодох бүртгэл хөтлөлт, санхүүгийн тайлантай холбоотой 131,645.9 сая төгрөгийн алдааг аудитын явцад залруулсан.

 

Харин 245.1 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоож, 5,149.0 сая төгрөгийн зөрчлийг арилгах албан шаардлага хүргүүлсэн байгаа. Мөн 2,340.3 сая төгрөгийн алдаа зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх зөвлөмж өгсөн байна.

 

-Нийтлэг ямар зөрчил гарч байна вэ?

-Санхүүгийн тайлангийн аудитаар төсвийн зарцуулалт, нягтлан бодох бүртгэлийн ажил гүйлгээг буруу бүртгэсэн, бүртгэлд тусгаагүй, санхүүгийн тайлан, балансыг анхан шатны баримтад үндэслэн үнэн зөв илэрхийлээгүй, зарим сум төсвийн орлогын төлөвлөгөөг тасалсан.

 

Мөн төсөвт байгууллагын үндсэн болон туслах үйл ажиллагааны орлогыг дутуу төвлөрүүлсэн, цалин, нэмэгдэл, урамшил, тэтгэмж, нэг удаагийн буцалтгүй тусламжийг зөрүүтэй буюу илүү тооцож олгосон, төсвийг зохистой удирдаагүй, төлбөр тооцоог урьдчилан хянаагүйн улмаас авлага, өр төлбөр үүсгэсэн, үүссэн авлага, өр төлбөрийг бүртгэл тайланд тусгаагүй.

 

Түүнчлэн төсвийг тооцоо судалгаанд үндэслэн бодитоор төлөвлөөгүй, батлагдсан төсвийг зориулалт бусаар зарцуулсан, орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэл санхүүгийн төлөвлөгөө батлуулаагүй, батлагдсан орлогыг дутуу төвлөрүүлсэн, зардлыг хэтрүүлсэн, худалдан авах ажиллагааг хууль, журмын дагуу зохион байгуулаагүй, шилэн дансны мэдээллийг тогтоосон хугацаанд нь мэдээлээгүй, хугацаа хоцроосон гэх мэт нийтлэг алдаа гарч байна.

 

-Сэлэнгэ аймгийн ТЕЗ-ийн тайланд хэдэн байгууллага нэгтгэгддэг вэ. Ямар дүгнэлт өгөв?

-Сэлэнгэ аймгийн ТЕЗ-ийн 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд нийт 130 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэн.

 

Үүнээс 133,191.8 сая төгрөгийн  алдаа, зөрчил илэрснээс аудитын явцад нягтлан бодох бүртгэл хөтлөлттэй холбоотой 128,305.3 сая төгрөгийн алдааг залруулж, 796.8 сая төгрөгийн алдаа, зөрчлийг материаллаг гэж үзэн өөрчлөлтгүй гэсэн дүгнэлт өгсөн.

 

-Сэлэнгэ аймгийн хэмжээнд төсвийн орлого, зарлагыг хууль, эрх зүйн актын хүрээнд үндэслэлтэй төлөвлөж, төлөвлөсөн орлогыг бүрэн төвлөрүүлж чадсан уу. Төсвийн орлогын төлөвлөлтөд ямар нэгэн алдаа, зөрчил илэрсэн үү?

-Аймгийн ИТХ-ын 2023 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 141 дүгээр тогтоолоор аймгийн 2023 оны төсвийн нийт орлого, зарлагыг 59,688.7 сая төгрөгөөр баталсан байна.

 

Харин 17 сумын 2023 оны төсвийн нийт орлого, зарлагыг 48,926.9 сая төгрөгөөр баталснаар Сэлэнгэ аймгийн дүнгээр нийт орлого, зарлагыг тус бүр 108,615.6 сая төгрөгөөр эцэслэн төлөвлөсөн байна.

 

Гүйцэтгэлээр нийт 91,678.6 сая төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлж, төсвийн нийт зардлын гүйцэтгэл 91,612.1 сая төгрөг буюу 84.3 хувьтай тайлагнасан.

 

Харин Сэлэнгэ аймгийн төсвийн нийт орлогоос /аймаг, сумдын дүнгээр/ татварын ба татварын бус орлогын төлөвлөгөө, гүйцэтгэлийг салгаж авч үзвэл аймаг, сумдын төсөвт 2023 онд төвлөрүүлэх татварын орлогыг 54,942.0 сая төгрөг, татварын бус орлогыг 9,167.4 сая төгрөг зэрэг нийт 64,109.4 сая төгрөгөөр төлөвлөснөөс гүйцэтгэлээр 69,659.6 сая төгрөгийн орлого бүрдүүлж, төлөвлөгөөг 5,550.2 сая төгрөгөөр буюу 8.7 хувиар давуулан биелүүлсэн байна.

 

Аймгийн төсвийн татварын ба татварын бус орлогын төлөвлөгөөг 1,400.2 сая төгрөгөөр давуулан биелүүлж, 105.6 хувийн гүйцэтгэлтэй тайлагнасан. Харин сумдын дүнгээр төсвийн орлогын төлөвлөгөөг 4,150.0 сая төгрөгөөр буюу 10.6 хувиар давуулан биелүүлж, аймгийн төсвөөс 7,451.3 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авсан байгаа.

 

Сумдын орлогын төлөвлөгөөг Ерөө сум 879.8 сая төгрөгөөр, Зүүнбүрэн сум 80.1 сая төгрөгөөр, Сүхбаатар сум 32.8 сая төгрөгөөр, Жавхлант сум 12.8 сая төгрөгөөр, Баруунбүрэн сум 10.6 сая төгрөгөөр тус тус тасалсан байна.

 

Энэ нь Төсвийн тухай хуулийн заалтыг зөрчсөн байна. Аудитын дүнгээс харахад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламжаар төсвийн орлогын эх үүсвэрийг бүрдүүлэхээр аймаг 2,735.2 сая төгрөг, Ерөө сум 1,536.1 сая төгрөг зэрэг нийт 4,271.3 сая төгрөгийг үндэслэлгүйгээр төлөвлөж, гүйцэтгэлээр 30.0 сая төгрөг төвлөрүүлсэн байна.

 

Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламжаар төсвийн орлогыг бүрдүүлэхээр төлөвлөсөн нь Төсвийн тухай болон тусгасан хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 

 

Холбоотой мэдээ