Малчид, тариаланчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх тоног төхөөрөмж танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-06-14 15:56:53

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Олон улсад танигдсан, хөдөө аж ахуйн шилдэг, инновацилаг тоног төхөөрөмж болох явуулын хонь ноослогч чиргүүл, нарны зайгаар цэнэглэгддэг цахилгаан хашаа, хонь угаах машин, ээмэг, маркерыг танилцууллаа.


ХХААХҮЯ, Төв аймгийн ЗДТГ, Шейр Монгол ТББ хамтран танилцуулах өдөрлөгийг хонины аж ахуй эрхлэгч малчид, сонирхогч, аж ахуйн нэгжүүдэд зориулж зохион байгуулсан юм. Шинэ Зеланд, Австралийн хонь ноослогч шилдэг багш нарыг урьж, малчдын цаг хугацаа, хөдөлмөрийг ихээр шаарддаг хонь ноослох ажлыг хөнгөвчлөхөөр “Хонь ноослох сургалт”-ыг энэ онд монголын 7 аймагт 14 удаагийн сургалт явуулж, 250 гаруй малчдыг хамруулжээ.



Хонь ноослох цахилгаан хайч нэвтрүүлэн, хүний нөөц буюу хонь ноослогч, хяргагч нарыг бэлтгэж, хонины ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нартай холбон түүхий эдийн кластер сүлжээ бий болгох зорилго бүхий төслийг 2022 оноос хэрэгжүүлж, одоогоор мянгаад залууг бэлдсэн төдийгүй Шинэ Зеланд, Австрали улсуудад цалинтай дадлага хийх боломж олгодог. Сургалтаар олон улсын стандартын дагуу хонь хяргах чадварт сургах, малчид технологи ашиглан бүтээмж, орлогоо нэмэх, тогтмол ажлын байртай болох, явуулын хонь хяргах баг, үйлчилгээ үзүүлэн орлого олох, ноосны үйлдвэрүүдтэй хамтран ажиллах зэрэг боломж бий болно.


Харин угаалгын тоног төхөөрөмж нь угаалгын шингэн бүхий, өндөр даралтат усаар хонь, ямааг тал бүрээс нь угаахдаа зай талбай бага шаарддаг, арьс, үсэнд хүртээмжтэй байдгаараа давуу талтай юм.



Нарны зайгаар цэнэглэдэг цахилгаан хашаа нь тусгаарлагдсан бүс байгуулах, тариалангийн талбайг хашиж хамгаалах, хээрийн зэрлэг ан амьтнаас малаа хамгаалах зэрэг зориулалтаар ашиглах боломжтойг ХХААХҮЯ мэдээлжээ.

Холбоотой мэдээ