ХОВД: Нутгийн 20 хувьд зуншлага муу байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Ховд аймаг 17 сумтай. Тус аймгийн нутаг дэвсгэрийн 20
хувьд буюу Чандмань, Дөргөн, Дарви сумын нутгаар зуншлага муу, гандуу байна.
Харин баруун бүсийн сум болох Алтай,
Үенч, Булган сумын нутгаар зуншлага сайн, бусад суманд дунд зэрэг гэсэн
үнэлгээтэй байна.
Энэ сарын эхний 10 хоногт ихэнх
нутгаар 14.1 мм хур тунадас орсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад адил
хэмжээтэй байжээ.
Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 2-7 см байна.
Өнгөрсөн 10 хоногт халуун, салхи
ихтэй, чийг бага байснаас ургамлын ургалт удаашралтай, зарим ургамал
гэмтэх үзэгдэл ажиглагдсан. Нийт нутгаар
агаарын харьцангуй чийгийн дундаж 16-33 хувь, хуурайшилт их байгаагаас шалтгаалан гал түймэр гарах эрсдэл их байна. Иймд иргэдийг гал түймрийн аюулаас сэргийлэхийг
Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхааруулав.