Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас 5.4 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-12 10:17:41

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн уулзварт энэ оны нэгдүгээр сард болсон дэлбэрэлтийн улмаас үүдсэн гал түймрийн хохирлын хэмжээ 5.4 тэрбум төгрөг болохыг тогтоожээ.


Эл хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн алба хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байгаа юм. Ажлын хэсгээс гал гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирлын хэмжээг тогтоохоор зургаан төрлийн 62 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж 60 орчим дүгнэлт гаргуулсан байна.


Галын улмаас онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барснаас гадна есөн хүн хөнгөн, хүнд гэмтсэн юм. Мөн 26 иргэнд угаарын хийн хөнгөн зэргийн хордлогын шинж илэрсэн ажээ. Үүнээс гадна 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоожээ. 


Хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ. 


Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн авто замын уулзварт 2024 оны 1 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын автомашинтай мөргөлдөж, дэлбэрэлт болсон. Тус ослын улмаас “Эдү апартмент” хотхоны 207 дугаар байр, “Глобал” олон улсын дунд сургууль, “Санни таун” хотхоны 830 дугаар байр гал түймэрт өртсөн юм.

 
Холбоотой мэдээ