БАЯН-ӨЛГИЙ: Монголын хамгийн өндөр байгууламж Өлгий хотод байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-06-07 09:03:39

Өлгий, 2024 оны зургаадугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын хамгийн өндөр байгууламж бол Баян-Өлгий аймгийн Өлгий хотод байрладаг радио өргөн нэвтрүүлгийн станцын урт долгионы цамхаг юм.


Тус цамхгийн үндсэн суурь нь 352.5 метр бөгөөд антентайгаа нийлээд 360 метр болдог аж. Энэ нь Франц Улсын алдарт Эйфелийн цамхгаас 60 метрээр өндөр үзүүлэлт юм.


Баян-Өлгий аймгийн радио өргөн нэвтрүүлгийн урт долгионы цамхгийн дараа өндрөөрөө Хонхор дахь Улсын радио нэвтрүүлэх төвийн цамхаг /305 м/, Дорнод аймгийн радио өргөн нэвтрүүлгийн станцын цамхаг /271,4 м/, Говь-Алтай аймгийн радио өргөн нэвтрүүлгийн станцын цамхаг /260 м/, Улаанбаатар хотын 4 дүгээр Дулааны цахилгаан станцын яндан /250 м/, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн антен /193 м/ зэрэг байгууламж ордог.


Баян-Өлгий аймгийн Өлгий хотод Радио төв болон станцын барилгын суурийг 1961 онд Бүгд Найрамдах Социалист Чехословак Улсын буцалтгүй тусламжаар тавьж байжээ. Харин 1964 оны 4 дүгээр сард 360 метрийн өндөртэй цамхаг барьсан байна.


Уг цамхаг антен нь 47 хэсгээс бүрддэг. Нийтдээ 170 тонн жинтэй, 60 кВт хүчин чадалтай. Долгионы урт нь 1435 Гц байна.

1965 онд Баян-Өлгий аймагт Радио редакц болон Радио өргөн нэвтрүүлгийн станц ажиллагаанд орсон. 1980 онд тус станц дээр ЗХУ-ын буцалтгүй тусламжаар богино долгионы 12 кВт-ын станц ашиглалтад орж, өргөн нэвтрүүлгийг богино долгионоор дамжуулж эхэлжээ.


Станцын хамт олон 2012 онд Монголд анх удаа өргөн нэвтрүүлгийг аналог болон тоон аль ч горимд чанарын өндөр түвшинд дамжуулах Герман Улсад үйлдвэрлэсэн DRAM-150L маркийн 150 кВт-ын хүчин чадалтай орчин үеийн тоног төхөөрөмжийг суурилуулж анхны нэвтрүүлгээ дамжуулж эхэлсэн байна.  


Баян-Өлгий аймгийн Радио өргөн нэвтрүүлгийн станцын цамхаг нь 300 км радиусаар долгион цацдаг бөгөөд Монголын радиогийн нэвтрүүлгийг 17 цагийн турш /орон нутгийн казах хэлээр явуулдаг 1 цагийн нэвтрүүлэг үүнд багтдаг/ өөрийн аймгийн бүх нутаг дэвсгэрт болон хөрш зэргэлдээ Увс, Ховд аймгийн иргэдэд дамжуулан түгээдэг. Түүнчлэн тус станцаар цацдаг мэдээ мэдээллийг ОХУ-ын хил залгаа Алтайн Бүгд Найрамдах Улс, БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймаг, Казахстан Улсын Дорнод Казахстан мужийн иргэд ч сонсдог тухай мэдээлэл байна.


Радио цамхаг нь тус бүр 500 Вт-ын өндөр чадлын 7 ширхэг ионы гэрэлтэй. 2010 онд аймаг байгуулсны 70 жилийн ойгоор Радиогийн цамхагт 30 сая төгрөгөөр гэрлэн чимэглэл хийсэн байна. Тус чимэглэл нь 293 гэрлээс бүрддэг.


Цамхагт сар бүр тодорхой хуваарийн дагуу 4 цагийн үзлэг үйлчилгээ хийдэг. Үзлэг үйлчилгээг өндөрт ажиллах аюулгүй ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй техникийн ажилтан гүйцэтгэдэг. Техникийн ажилтан нь хөдөлмөрийн аюулгүй байдлын холбогдох дүрэм журмыг мөрдөж цамхаг дээр гарахад 2 цаг зарцуулдаг ажээ.  

Холбоотой мэдээ