Нэгдсэн эмнэлэг амбулатори хоёрыг хүзүүвчээр холболоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-10-07 20:28:46
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Зуунмод сумын Нэгдсэн эмнэлгийн хүзүүвч барилга нь хоёр тусдаа байрлаж байсныг нэгтгэж өнөөдөр ашиглалтад орууллаа. Ингэснээр амбулатори болон хэвтэн эмчлүүлэх тасаг хоорондоо холбогдож өгч байгаа юм.

Үйлчлүүлэгчдийн таатай үйлчлүүлэх боломжийг хангаж орчин үеийн чанар стандартанд нийцсэн тохилог дулаан хүзүүвчний барилгын нээлтэнд Төв аймгийн засаг дарга асан Д.Баярбат болон Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал мөн бусад холбогдох албаны хүмүүс  нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

Тус арга хэмжээг нээж Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал ирсэн зочид төлөөлөгчдөд хандан талархал дэвшүүлээд энэ барилга нь сайн сайхныг дэлгэрүүлэн их бүтээн байгуулалтын эхлэл болж буйг онцолсон юм. Мөн төслийн гүйцэтгэгч БНСУ-ын Samsung C.T компаний удирдагч Ха Сен Юн болон төрийн бус байгууллагын нарийн бичгийн дарга Жу Хён Жү нар нь үйл ажиллагаанд оролцож хурсан олонд баяр хүргэн үг хэлсэн юм.

"Харанхуй шөнө, өвлийн хүйтэнд өвчтөнөө түрээд, өргөөд, сугадаад эмнэлэг амбулатори хоёрын хооронд гадаа гүйх хэцүү байсан. Харин одоо тохилог дулаан хүзүүвчээр дамжин явах болсон нь өвчтөн төдийгүй эмч ажилчдын ая тухыг хангасан, цаг хэмнэсэн сайхан бүтээн байгуулалт боллоо" хэмээн эмч нар ярьж байна.

"Урьд нь Нэгдсэн эмнэлгийн цахим цаг олголтын жижиг өрөөнд шахцалдан цаг авахад хүндрэлтэй байсан" гэж иргэд хэлж байв. Харин одоо хүзүүвч барилга ашиглалтад орсноор хуучин байдал ард үлдэж байгаад иргэдийн зүгээс талархалтай байгаагаа илэрхийлж байлаа.

Мөн энэ үеэр Нэгдсэн эмнэлгийн хүзүүвч барилгыг барихад хичээл зүтгэл гаргасан  НЭ-ийн инженер Ю.Оюунчимэг, Жи Си Эс төрийн бус байгууллагын Монгол дахь захирал Н.Батдорж болон "Цогт Өлзийт" ХХК-ийн барилгачин Азжаргал мөн Samsung C.T компаний Монгол дахь тээвэрлэлт хариуцсан инженер н.Анхтуяа нарыг Аймгийн засаг даргын нэрэмжит шагналаар шагналаа.

Дашрамд дурдахад, Нэгдсэн эмнэлгийн хүзүүвч барилгын ажилд орон нутгийн сангааас 562 сая төгрөг зарцуулсан бол Samsung; C.T компаний зүгээс сайн үйлсийн аяныхаа хүрээнд 140 сая төгрөг хандивлажээ.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ