Даатгалын зах зээлд нөөц сангаар тэргүүлэгч 5 компани

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2024-06-07 17:10:00

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөлтэй 19 компани 2024 оны 1 дүгээр улиралд даатгалын үйлчилгээ үзүүлжээ.

Эдгээр даатгалын компанийг төрлөөр нь ангилбал:

  • 16 ердийн даатгалын компани,
  • 2 урт хугацааны даатгалын компани,
  • 1 давхар даатгалын компани,

Ердийн даатгагчдын хөрөнгө 496.7 тэрбум төгрөг байна.Тэдний хөрөнгийн 267.0 тэрбум төгрөг /54.0 хувь/ нь хөрөнгө оруулалт хэлбэрээр байршжээ. Харин 87 тэрбум төгрөг /33.0 хувь/ үнэт цаасанд оруулсан байна.


Энэ төрлийн даатгагчдын өр төлбөрийн дүн 301.6 тэрбум төгрөг, нөөц сангийн дүн 239.0 тэрбум төгрөгт хүрчээ. Хамгийн өндөр нөөц сангийн дүн бүхий даатгалын 5 компанийн хувьд:

  • “Мандал даатгал” ХК,
  • “Практикал даатгал” ХХК,
  • “Миг даатгал” ХХК, “
  • “Ард даатгал” ХХК,
  • “Тэнгэр даатгал” ХХК,

Ердийн даатгалын нөөц сангийн бүтцийг доорх байдлаар гаргажээ. Тухайлбал:

  • орлогод тооцоогүй хураамжийн нөөц 179.42 тэрбум төгрөг,
  • учирсан ч мэдэгдээгүй хохирлын нөөц сан 11.9 тэрбум төгрөг,
  • мэдсэн ч төлөөгүй хохирлын нөөц сан 13.7 тэрбум төгрөг,
  • учирч болзошгүй хохирлын нөөц сан 21.8 тэрбум төгрөг,

Харин хураамжийн орлого 106.9 тэрбум төгрөг байгаагаас даатгалын хураамжийн буцаалтад 2.3 тэрбум төгрөг, давхар даатгалын хураамжийн зардалд 35.2 тэрбум төгрөг төлж, даатгалын цэвэр хураамж 69.4 тэрбум төгрөгт хүрсэн байна.


Хураамжийн дүнд автотээврийн хэрэгслийн даатгал хамгийн өндөр буюу 24.8 хувь эзэлсэн байх юм. Харин хураамжийн бүтцийн хувьд:

  • гэнэтийн осол,
  • эмчилгээний даатгал,
  • жолоочийн хариуцлагын даатгал,
  • хөрөнгийн даатгал,
  • агаарын хөлгийн даатгал.

Эдгээр нь даатгалын хураамжийн 55.0 хувийг, үлдсэн 20.2 хувийг бусад даатгалын хэлбэрийн хураамжийн орлого бүрдүүлэв.


Нөхөн төлбөрийн дийлэнх буюу 37.5 хувийг жолоочийн хариуцлагын албан журмын даатгал эзэлдэг. Уг даатгалын нөхөн төлбөрийг 2023 оны мөн үетэй харьцуулахад 31.8 хувиар нэмэгдсэн гэнэ. . Энэ төрлийн даатгалын нөхөн төлбөрийн 67.4 хувийг авто тээврийн хэрэгслийн болон жолоочийн хариуцлагын даатгал эзэлдэг байх юм.


Ердийн даатгалын нөхөн төлбөрийн зардал 35.3 тэрбум төгрөг байна. Түүнээс давхар даатгагчийн хариуцсан 3.03 тэрбум төгрөг, буруутай этгээдээс төлүүлсэн 1.8 тэрбум төгрөгийг хасаад тооцоход, нөхөн төлбөрийн цэвэр зардал 30.5 тэрбум төгрөг байна.


Урт хугацааны даатгалын хөрөнгө 17.2 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ төрлийн даатгалын хөрөнгийн 77.7 хувь нь хөрөнгө оруулалт хэлбэрээр байршдаг. Энэ нь даатгалын компаниуд санхүүгийн салбарын томоохон хөрөнгө оруулагч гэдгийг илтгэдэг байна.


“Үндэсний давхар даатгал” ХК 10 даатгалын хэлбэрээр 68 давхар даатгалын гэрээ байгуулж, 2.3 тэрбум төгрөгийн давхар даатгалын хураамж төвлөрүүлж ажилласны 39 хувийг хөрөнгийн даатгалын хураамж бүрдүүлж байна. Тус компанийн хувьд тайлант хугацаанд автотээврийн хэрэгслийн болон хөрөнгийн даатгалын нөхөн төлбөрт нийт 390.3 сая төгрөгийн нөхөн төлбөр олгосон.


Монгол улсын хэмжээнд даатгалын зуучлагчийн 407 салбар үйл ажиллагаа явуулж даатгалын байгууллагын хувьцаа эзэмшигчдийн тоо 2023 оны мөн үеэс 12.9 хувиар нэмэгдлээ. Даатгалын 63 зуучлагч компани, 24 даатгалын хохирол үнэлэгч, 2462 даатгалын төлөөлөгч ажиллаж байна. Мөн 45 аудитын компанийн 147 аудитор, 40 актуарч Хорооноос олгосон эрхийн дагуу даатгалын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Холбоотой мэдээ