Сүүний эрчимжсэн цогцолборын шав тавилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-06-04 12:32:25

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Нийт 1200 үнээний ‘’Сүүний чиглэлийн эрчимжсэн цогцолбор аж ахуйн шав тавилаа. Орон нутгийн онцлогт тохирсон үүлдэр бий болгох судалгааны ажлаар Бүгд Найрамдах Беларусь Улстай хөдөө аж ахуйн салбарын бүтээн байгуулалтын хамтын ажиллагааг албан ёсоор ийнхүү эхлүүлж байна.


Тус аж ахуйг Сэлэнгэ аймагт байгуулж, сүүний чиглэлийн үхэр үржүүлж буй аж ахуйн нэгж, иргэдийн үхрийн чанар, нэгжээс авах ашиг шим, үхрийн үүлдрийг сайжруулах, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, сүү импортыг багасгаж, экспортыг дэмжих зорилготойг ХХААХҮЯ мэдээллээ.


Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенко манай улсад төрийн айлчлал хийх хүрээнд тус улсын Хөдөө аж ахуй, хүнсний сайд Бартош Сергей Иванович, Аж үйлдвэрийн сайд Рогожник Александр Николаевич болон албаны төлөөлөгчид ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунтай уулзан, тус салбарт хамтран ажиллах 5 санамж бичгийг үзэглэсэн юм.


Мөн Монгол Улсын ХХААХҮЯ, Бүгд Найрамдах Беларусь Улстай хамтран трактор угсрах “Минскийн тракторын үйлдвэр” нээлттэй хувьцаат компанийг Монголд байгуулах, малын тэжээл бэлтгэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмж нийлүүлэх, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, хөдөө аж ахуй салбарт боловсон хүчин бэлтгэх хөтөлбөр, шинэ үр тариа, сорт ханган нийлүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай санал солилцжээ.

 

Холбоотой мэдээ