“Щелкунчик ба гайхамшгийн орон” медиа арт балетыг төв талбайд тоглов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. НЗДТГ, “Элит балет” ХХК хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан П.И.Чайковскийн “Щелкунчик ба гайхамшгийн орон” арт балетыг зургаадугаар сарын 2-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй тоглолоо.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, “Дэлхийн суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Щелкунчик ба гайхамшгийн орон” балетыг нийслэл хотынхоо төв талбайд анх удаа медиа арт найруулгаар толилуулж байна. Дэлхий дахины оюуны суут бүтээлийг орчин цагийн техник технологийн дэвшилттэй хослуулж, инновац шингээн монголын тайзан дээр анх удаа толилуулж буй нийт уран бүтээлчдэдээ талархал илэрхийлж, амжилт хүсье” хэмээв.
“Щелкунчик ба гайхамшгийн орон” бүжгэн жүжгийг дижитал инновац шингээн дэглэн найруулж, олон улсад балетын урлагийг медиа арт урлагтай хослуулсан анхдагч уран бүтээлч болсон. БНСУ болон Монголын уран бүтээлчид хамтран нийслэлийн хүүхэд багачууд, эцэг, эхчүүд болон Монгол орныг зорин ирсэн гаднын жуулчдад зориулан уг уран бүтээлийг жанжин Д.Сүхбаатарын талбайд толилуулж байгаадаа сэтгэл өндөр байна" хэмээн “Элит балет” ХХК-ийг үүсгэн байгуулагч Ц.Цолмонбуд ярилаа.