БАЯН-ӨЛГИЙ: Аялал жуулчлалын бүс нутгуудад замын тэмдэг, мэдээллийн самбар байршуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-05-30 14:40:15

Өлгий, 2024 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын 2023 оны ээлжит ХІІІ хуралдаанаар "Аялал жуулчлалын дэд хөтөлбөр"-ийг баталсан.


Тус дэд хөтөлбөр нь аймгийн аялал жуулчлалын үйлчилгээний материаллаг баазыг бэхжүүлэх, үйлчилгээний чанарыг стандартын шаардлагад нийцүүлэх, хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой билээ.


Дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн аялал жуулчлалын бүс нутгуудад замын тэмдэг, тэмдэглэгээ, мэдээллийн самбар байршуулахаар төлөвлөжээ. Улмаар аймгийн Замын сангаас 19.8 сая төгрөг хуваарилж, 10 байршилд гадаад, дотоодын аялагчдад нэн шаардлагатай мэдээлэл байршууллаа. 


Тодруулж хэлбэл, Өлгий хот болон Улаанхус сумын үдэх хаалга, Хөх хөтөл, Бага Ойгор, Цэнгэл сумын Цагаан гол, Шивээт хайрхан, Хотон Хурган нуур, Сагсай сумын үдэх хаалга, Хар чулуутын гүүр зэрэг 10 газрыг замын тэмдэг, мэдээллийн самбартай болгох ажлыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар хариуцан зохион байгуулсан.


Дээрх самбарт тухай газар, түүхэн дурсгалын зураг, маршрут, байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллагын мэдээлэл бүхий QR код, аймаг, сумын төвөөс хэдэн километр зайд орших тухай мэдээллүүд багтсан байна. 

Холбоотой мэдээ