Колумби улсад бухтай тулалдахыг хориглох тухай хуулийн төслийг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-05-29 17:27:14

БОГОТА, 2024 оны тавдугаар сарын 29 /AFP/. Колумбийн конгресс бухтай тулалдах үзүүлбэрийг /коррида/ хориглосон хуулийн төслийг мягмар гарагт баталжээ. Маргаан дагуулдаг хэдий ч хүмүүсийн сонирхлыг ихээхэн татдаг бухтай хийх тулаан Өмнөд Америкийн тус улсад олон зуун удаа зохиогдож жил бүр олон мянган үзэгчийг татаж ирсэн юм.  


Одоо уг хуульд гарын үсэг зурах ёстой зүүний үзэлт Ерөнхийлөгч Густаво Петро X хуудсандаа, “үхэл бол үзүүлбэр биш хэмээн хууль тогтоогчдын шийдвэрийг сайшаажээ. Конгрессын гишүүд 2027 оноос эхлэн корридаг хориглохыг 93-2 саналын харьцаагаар дэмжсэн байна.


Энэхүү хууль батлагдсанаар Колумби нь бухтай тулалдахыг хориглосон Бразил, Чили, Аргентин, Уругвай, Гватемал гэсэн бүс нутгийн бусад улсын эгнээнд нэгдэнэ.


2027 оноос өмнө Колумбийн эрх баригчид одоо орлого нь корридагаас шууд болон шууд бусаар хамааралтай олон арван мянган хүнд өөр ажил олоход туслах шаардлагатай болох юм. Түүнчлэн тулаан болдог байсан байгууламжуудыг бусад спорт, соёлын үйл ажиллагаа зохион байгуулахад зориулан шинэчлэн өөрчлөх ажээ.


Хууль тогтоогч, байгаль орчныг хамгаалагч Хуан Карлос Лосада энэ алхмыг “чухал ач холбогдолтой түүхэн үйл явдал” хэмээн тодорхойлжээ. Тэрбээр Франс Пресс агентлагт ярилцлага өгөхдөө, Колумби улс “амьтныг тамлан зовоож буй үйлдэл болох энэ тулааныг соёлын нэг хэлбэр гэж үздэг” орнуудын “гаслант жагсаалт”-аас гарах болно гэсэн байна.


2018 онд Колумбийн Үндсэн хуулийн шүүх корридаг соёлын уламжлалын нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрч байжээ.

Холбоотой мэдээ