Үндэсний номын сангийн шинэ салбар 16 танхимд уншигчдаа хүлээн авч эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Үндэсний номын сангийн шинэ салбарыг өнөөдөр ашиглалтад орууллаа. Төв номын сан 73 жилийн түүхэндээ анх удаа шинэ салбар байртай болж байгаа нь энэ юм.
Шинэ салбарыг нээх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, шинэ номын сан түүх, соёл, өв уламжлал, шинжлэх ухааны мэдлэг, мэдээллийн томоохон төв болж, дэлхийн шилдэг номын сангуудын жишгээр хөгжихийг ерөөлөөв.
Ерөнхийлөгч мөн монгол түмний өсөн дэвжиж, өргөжин дэлгэрэхийн бэлгэдэл болсон есийн тоог бэлгэдэж, 99 ширхэг “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг тус номын санд өргөн барилаа.
Үндэсний номын сангийн иж бүрэн барилга, байгууламжийг бүтээн цогцлоох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2008 онд гарч, 2014 оноос барьж эхэлсэн юм.
Анхны үндэсний хэмжээний номын сангийн зориулалттай барилгыг 1951 онд ашиглалтад өгч байснаас хойш 73 жилийн дараа салбар номын сангийн шинэ барилгаа ашиглалтад хүлээн авч буйг тус номын сангийн захирал Б.Ичинхорлоо нээлтийн үеэр хэлсэн үгэндээ тодотгосон юм.
Тэрбээр, “Өнөөдөр монголчуудын оюун санааны ертөнцөд том баяр болж байна. Монголчууд номыг оройдоо залж хүндэтгэдэг ард түмэн. Шинэ номын санг бүтээж өгсөн Монголын нийт татвар төлөгч, үе үеийн төр засгийн тэргүүн, ард түмэндээ талархал илэрхийлье. Шинэ байрандаа 534 мянган орчин үеийн номыг нүүлгэн авчирлаа. Хүүхэд, ахмад настан, гэр бүл, харааны болон тулгуур эрхтэн, сонсголын бэрхшээлтэй иргэдэд үйлчилж байна. Мөн эрдэм шинжилгээний танхимаа цахимаар ажиллуулна. Үргэлж ширгэшгүй ундаргатай байдаг сан хөмрөгөө улам арвижуулж, шинэ номын сангийнхаа үүд хаалгыг нээж байна" хэмээв.
Үндэсний төв номын сан шинэ номын сандаа 534 мянган орчин үеийн ном, бүтээлийг шилжүүлж, харин төв байраа гурван сая орчим судар бичиг, сурвалж судлалын эх хэрэглэгдэхүүн, ном хэвлэл бүхий Эрдэм шинжилгээний номын сан болгох юм.
Шинэ номын сан орчин үеийн техник, технологи бүхий 11 давхар, чөлөөт сонголт бүхий уншлагын 16 танхимтай, 530 хүнд нэг зэрэг үйлчлэх боломжтой аж. Түүнчлэн шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан, уншигчдад тав тухтай, бүх насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, гэр бүлд чиглэсэн төрөлжсөн үйлчилгээ үзүүлэх юм. Мөн хурал, зөвлөгөөн, үзэсгэлэнгийн танхим, дуу, дүрс бичлэгийн студи, аудио, видео болон цахим уншлагын танхимтай ажээ.
Шинэ номын сан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны зүүн талд, Сэлбэ голын баруун эрэгт байрлаж байна.