ХӨВСГӨЛ: Д.Лхагва 94 насандаа “Шүлгийн түүвэр” номоо гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-05-26 10:19:28

Мөрөн, 2024 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум энэ жил түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэнэ.


Ойг угтан Тосонцэнгэл сумын 1 дүгээр багийн малчин 94 настай Д.Лхагва өөрийн бичсэн шүлгүүдээ эмхэтгэн “Шүлгийн түүвэр” анхны номоо гаргасан байна.




Дамбын Лхагва 1931 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Хуурай баянгол гэдэг газар төрж, 1941 онд 10 настайдаа Мөрөн сумын ууган сургууль Дэлгэрмөрөн цогцолбор сургуульд 7 жил сурчээ.


Д.Лхагва “Би залуу наснаасаа шүлэг бичих, ном унших дуртай байсан. Тэтгэвэртээ гараад илүү ихийг бичиж эхэлсэн. 4-5 дэвтэр шүлэг бий. Эндээс хүүхэд маань эмхэтгээд номыг минь хэвлүүлж өгсөнд маш их баярлаж байна.  Шинэ гарсан ном бүрийг унших дуртай. Хамгийн сүүлд "Жаран цагаан хонь"-ийг 4 хоногт уншаад даралт жаахан ихэдсэн. Номдоо ороод ядрахаа мартаад уншаад дуусгасан шүү” гээд инээж байлаа.


Тэрбээр Тосонцэнгэл сумын сургуульд нярав, сүү тосны заводод сүү хүлээн авах, саальчин хийж улсад 30 гаруй жил хөдөлмөрлөж гавьяаныхаа амралтад гарчээ.


Д.Лхагва 7 хүүхэд төрүүлж өсгөн 3 үеэ үзсэн бөгөөд эдүгээ 200 ач, гуч, зээ, зээнцэртэйгээ энх тунх амьдарч байна.

Тэрбээр ханийнхаа гэгээн дурсгалд зориулж дараах шүлгийг бичжээ.




“Эмээгийн бор гэр”   


Эмээгийн бор гэр давчуухан  ч хүүхдүүд олон цугларна

Эмээгийн бор гэр жиндүүхэн намрын салхинд дэвэлзэнэ

        Нартыг орхин одсон өвгөн бүргэдийн бор үүр

        Нар гэрэлтэн эзнээ  үгүйлэн дүнхийнэ

 Гэрийн хойморт зул гэрэлтэн гийгүүлнэ

 Гэгэлзэх сэтгэлийн уяанд эмээгийн зүрх түг түг

         Сүүн тахилын цаанаас  өвгөний зураг ширтэнэ

         Сэрүүн юм шиг нэгийг хэлэх нь эмээгийн зүрхэнд гунигтай

Энэ хорвоогийн хатуу зөөлнийг харцаараа тэд ярилцана

Хамтдаа үдсэн гэгээн өдрүүдийн дурсамжаа санан үгүйлнэ

        Хайр хүндлэл бүхнээ маанийн дуудлагад шингээнэ

        Харьж ирэхгүй өвгөндөө эмээ цайгаа дээжилнэ

Хатуу модон эрхний бөөрийг нь  элэгдтэл  эргүүлнэ

Ханиа үгүйлэн эмээ цайгаа хугаслан оочилно

        Өнгөт орчлонгийн араншинг дагаж

        Өвгөн бүргэдийг орлож тоонот гэртээ үлдэнэ

Эмээгийн бор гэр хатуу өвлөөр ч дүнхийнэ

Эмээгийн бор гэр үр хүүхдээр ч дүүрэн

          Нартыг орхин одсон өвгөн бүргэдийн үүр

           Намайг тантай үгүйлэх эмээгийн бор гэр



             Д.Лхагва         2017.12.25

 

 

 

 

Холбоотой мэдээ