“Сребреницад үйлдэгдсэн геноцид”-ын тухай тогтоолыг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-05-24 09:57:16

НҮБ, 2024 оны тавдугаар сарын 24 /VOA/. НҮБ-ын Ерөнхий Ассамблей долоодугаар сарын 11-ний өдрийг 1995 оны Сребреницад болсон геноцидод хэлмэгдсэн хүмүүсийг дурсах олон улсын өдөр болгох тухай тогтоолыг баталжээ. НҮБ-ын гишүүн 84 улс уг тогтоолыг дэмжиж, 19 нь эсрэг санал өгсөн бол 68 улс түдгэлзсэн байна. 


“Энэхүү тогтоол нь жил бүр тэмдэглэх дурсгалын өдөрт зориулан мэдээллийн үндэс суурийг бий болгох, хүн бүрийг энэхүү дурсан санах, эргэцүүлэн бодох энэ өдөрт оролцохыг урьж байна” гэж ХБНГУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Антье Леендерце Ерөнхий Ассамблейн хуралдааны үеэр хэлжээ. Мөн уг тогтоолын төсөлд геноцидын гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулахгүй байхтай тэмцэх, үүнд олон улсын шүүхийн гүйцэтгэх үүргийг тодотгож өгсөн байна. Түүнчлэн геноцидыг үгүйсгэх, хэлмэгдүүлэлтэд оролцсон хүмүүстэй холбоотой үг хэллэгийг оруулж, НҮБ-ын гишүүн орнуудад хандан боловсрол, танин мэдэхүйн замаар олж авсан баримтад түшиглэхийг  уриалжээ. 


Энэхүү тогтоолыг болон түүнийг НҮБ-д хэлэлцүүлэх үйл явцыг Серби, Орос болон бусад улсын төлөөлөгчид шүүмжилсэн юм. Үүнтэй холбогдуулан А.Леендерце мэдэгдэхдээ “Тогтоолыг буруутгасан зүйлүүд ихэд тархаж байна. Тиймээс энэ тогтоол хэний ч эсрэг чиглээгүй гэдгийг хэлье. Мэдээжийн хэрэг Сербийн эсрэг биш, тус улс бол энэ байгууллагын нэр хүндтэй гишүүн орон. Хэрэв энэ нь хэн нэгний эсрэг чиглэсэн бол геноцид үйлдсэн хүмүүсийн эсрэг юм" гэв. 


Эргэн сануулахад, 1995 онд Сребреница хотод Боснийн сербүүдийн гарт 8372 босни хүн амиа алдсан байна. Хожим нь олон улсын шүүхийн шийдвэрээр Боснийн Сербийн удирдагч Радован Каражич, Ратко Младич болон геноцидод оролцсон бусад хүнд хатуу ял шийтгэл оноосон билээ.


Сербийн удирдлагууд дээрх тогтоолыг эсэргүүцэж байгаа бөгөөд Балканы дайны үеэр босничууд төдийгүй сербүүд амиа алдсан хэдий ч Ерөнхий Ассамблейн тогтоолд олон хүний цус урссан энэ хэрэгт сербүүдийг гол буруутан болгож байна гэж мэдэгджээ. 


Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич санал хураалтад оролцож, Ерөнхий Ассамблейн танхимд үг хэлэхээр Нью-Йоркт хүрэлцэн ирсэн байна. Тэрбээр хэлсэн үгэндээ “Энэ алхам нь манай ард түмэн, манай үндэстний эсрэг чиглээгүй гэж та бүхэн хэлж байна. Гэм буруутай хүмүүс бүгд ял сонсож, энэ үйл явц дууссан. Та бүхэн хуучин шархыг сэдрээж байна. Яагаад? Яагаад гэвэл энэ нь хэн нэгэнд улс төрийн зорилгын үүднээс хэрэгтэй байгаа юм. Өөр ямар ч шалтгаан байхгүй. Би өөрийн биеэр Сребреницад очиж, толгой гудайлган цэцэг өргөсөн гэдгийг давтан хэлье. Эл тогтоолын зорилго бол эвлэрүүлэх, дурсгалыг хүндэтгэх бус харин хуучин шархыг сэдрээж, манай бүс нутагт төдийгүй энэ танхимд улс төрийн эмх замбараагүй байдалд хүргэнэ” гэж мэдэгджээ. 


Тогтоолыг АНУ, Франц, Их Британи, Босни Герцеговина зэрэг 35 гаруй улс хамтран дэмжсэн байна.


Сребреница бол Босни Герцеговина улсын нэгэн хот юм. НҮБ-д суугаа Босни Герцеговинагийн Байнгын төлөөлөгч Златко Лагумжия өмнө нь мэдэгдэхдээ, Ерөнхий Ассамблейн тогтоол нь харин ч эсрэгээрээ тус улсын ард түмнийг нэгтгэж, цаашид үндэстэн ястны мөргөлдөөнөөс зайлсхийхэд тустай гэжээ.


Босни Герцеговинаг тус улсын гурван гол үндэстэн болох Босни, Боснийн Серб, Хорват гэсэн гурван үндэстний төлөөллөөс бүрдсэн хурлын тэргүүлэгчид удирддаг. Босни Герцеговины бүрэлдэхүүнд багтдаг Бүгд Найрамдах Серб Улсын Ерөнхийлөгч Милорад Додик Ерөнхий Ассамблейн тогтоолын төслийг удаа дараа шүүмжилж, хэрэв батлагдвал Бүгд Найрамдах Серби Улс Босни Герцеговины бүрэлдэхүүнээс гарна гэж мэдэгдээд байгаа юм.


Ерөнхий Ассамблейн тогтоолыг ОХУ мөн эсэргүүцжээ. Энэ асуудалд тус улс боснийн сербүүдийг дэмжиж байгаа бөгөөд уг тогтоолыг Босни Герцеговинагийн бүх гурван үндэстний төлөөлөлтэй зөвшилцөх ёстой гэж НҮБ-д суугаа Оросын төлөөлөгч хэдэнтээ мэдэгдсэн байна. Шинжээчдийн үзэж байгаагаар, ОХУ нь Босни Герцеговина улсыг НАТО болон Европын Холбоонд элсэхэд саад хийхийг оролдож байна.


НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгч Роберт Вуд энэ оны тавдугаар сард болсон Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны үеэр үг хэлэхдээ, Милорад Додикийн үйл ажиллагаа нь 1995 оны Дейтоны энх тайвны хэлэлцээрийн эсрэг чиглэсэн, авлигад идэгдсэн үйлдэл хэмээгээд Милорд Додик " улс орныг хагалан буталгахад байнга уриалж байгаа" гэжээ. 

Холбоотой мэдээ