АРХАНГАЙ: “1080 Богд Зонхова” төслийг албан ёсоор нээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-05-23 21:43:11

Эрдэнэбулган, 2024 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Бурхан багшийн их дүйчин өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдөр мөн Зая бандида Лувсанпринлэй гэгээний мэлмий гийсний өдөр тохиож буйгаараа онцлогтой юм.


Зуны тэргүүн сарын шинийн 15-ны энэхүү билэгт сайн өдрийг тохиолдуулан Архангай аймгийн бурхан шашинтны төв Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийдээс дүйчин өдрийн үйл ажиллагааг зохион байгууллаа.


Өглөө 7.00 цагаас Булган уулыг тойрон Ганжуур судрын гороог хийж, Жамганы булгийн дэргэд “Даян дэлхийн амар амгалан" сэдвээр гавж лам Ц.Даваахүү иргэдэд ном айлдсанаар дүйчин өдрийн үйл ажиллагаа эхэлсэн юм.


Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийдэд бүтэн өдрийн турш Бурхан багшийн чого хурлаа.


Харин аймгийн ХДТ-т шашин, урлагийн цэнгүүнийг зохион байгуулж, 1080 Богд Зонхова төслийг албан ёсоор нээсэн юм.


Аймгийн Зая гэгээний хүрээ, Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийдийн шинэ Цогчин дуганы бүтээн байгуулалтыг эхлүүлсэн ба сүсэгтэн олноос хандив өргөсөөр байгаа. Тус дуганыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд дотор нь байрлах бурхдыг бүтээлгэж эхэлжээ.

  

Халхын Эрдэнэ Зая бандида гэгээний үеэс эхлэн эдүгээг хүртэл архангайхан Булган ууландаа Богд Зонхова бурхныг бүтээн залж, түм буман зулаа тасралтгүй өргөж ирсэн түүхтэй. Зая гэгээний хүрээний уншлага, залбирал бүгд Зонхова ламын бясалгал, сургаалаар бүтсэн байдаг тул шинэ хийдийн гол шүтээн Богд Зонховыг 3.5 метр өндөр бүтээж байгаа юм.


Шүтээнийг бүтээх үйлсэд хандив цуглуулж байгаа ба нэг сая төгрөгөөс дээш хандив өргөсөн өрх бүрд өвлөн уламжлагдах шүтээн Богд Зонхова бурхны жижиг хувилбарыг сүншиглэн залах тухай мэдээллийг дэлгэрэнгүй өглөө.


Богд Зонховын дүр хөргийг эрхэмлэн олноор залж, сургаал номлолыг даган суралцах явдал нь эрдэм мэдлэг, оюун ухааныг дээдэлсэн энэрэн, нигүүлсэх бодь сэтгэлтэн, шинэ цагийн эрдэмтэн мэргэд олноор төрөн гарахыг бэлгэдэж буй аж.  


Бурхан багшийн их дүйчин өдөр сүсэгтэн олон Булган ууланд зул өргөснөөр өндөрлөнө.

Холбоотой мэдээ