Филиппинд болсон санал асуулгаар Дүтертег “маш сайн” гэж үнэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-10-07 09:37:50

МАНИЛА. /Reuters/. Р.Дутерте Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойших 90 хоногт хэрхэн ажилласан бэ гэсэн асуултад Филиппиний ард иргэд  “маш сайн” гэсэн үнэлгээ өгчээ.

Өнгөрсөн хугацаанд тэрбээр хар тамхины эсрэг өргөн цар хүрээтэй ажиллагаа явуулж байгаа бөгөөд түүний сацуу барууны удирдагчдыг нэлээд ёжлоод амжсан билээ.

Social Weather Stations /SWS/ гэдэг агентлагаас явуулсан судалгаанд Филиппинийн 1200 иргэн оролцсоноос тэдний 11 хувь нь Дутертегийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. Санал асуулгад оролцогчид Бенино Акино, Жозеф Эстрада, Глория Арройо нарын зэрэг өмнөх Ерөнхийлөгч нараас Дутерте илүү сайн ажиллаж байна гэж дүгнэжээ. Харин тэрбээр 1992 онд төр барьж байсан Фидель Рамосоос хоёр хувиар дутуу санал авчээ.

Санал асуулгын дүнг пүрэв гарагт нийтэлсэн бөгөөд нийт оролцогчдын 11 хувь нь сэтгэл дундуур байна гэсэн бол 65 орчим хувь нь Дутертег дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Харин 13 хувь нь асуултад хариулаагүй аж.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ