Тээврийн хэрэгслүүдийг шалгаж 7 хоногийн хугацаанд 2800 зөрчил илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-10-06 18:56:27
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Замын Цагдаагийн Тасгийн албан хаагчид аймгийн хэмжээнд орших улсын чанартай хатуу хучилттай авто замын хөдөлгөөнд хяналт тавьж, зам тээврийн осол, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарч эргүүл шалгалт хийж байна.

“Хөдөлгөөнт эргүүл, Илрүүлэлт Оргодол” нэгдсэн арга хэмжээний хүрээнд өнгөрсөн сарын 29 -нөөс энэ сарын 5-нийг хүртэл долоо хоногийн хугацаанд, Зуунмод суман дахь албан хаагч нар хөдөлгөөнт эргүүлийн чиглэлээр Дундговь, Өмнөговь, Налайх болон Улаанбаатар чиглэлийн авто замуудад хяналт шалгалт хийжээ. Түүнчлэн Лүнгийн хяналтын пост нь хөлдөлгөөнт эргүүлийн чиглэлээр Баянхангай, Аргалагт болон Лүн сумын Мянганы замын салдаг уулзвар зэрэг газруудад сум хооронд дамжин өнгөрч байгаа 11215 тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалт хийж 2801 зөрчил илрүүлэн зөрчилтэй явсан 985 жолоочийн зөрчлийг засуулж арга хэмжээ авсан байна.

Мөн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 568 жолоочийг бэлэн бусаар 12.246.300 төгрөгөөр торгож, ЗХАБТХ-ийн бусад заалт зөрчсөн долоон иргэнийг 322.000 төгрөгөөр торгосон байна. Түүнчлэн ЗХАБТХ-ийн 27-1 дэх заалтыг зөрчсөн 29 иргэнийг илрүүлж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь зургаан сараас хоёр жилийн хугацаатайгаар хасч 9.984.000 төгрөгөөр торгосон байна. Мөн ЗХАБТХ-ийн 26.1 дэх заалт зөрчсөн нэг иргэнийг илрүүлэн 192000 төгрөгөөр торгожээ. Бусад зөрчил гаргасан найман иргэний тээврийн хэрэгслийг түр саатуулж 23500 төгрөгийн хураамжийг цагдаагийн газрын санд төвлөрүүлсэн гэж замын цагдаагийн газраас мэдээллээ.

Жолооч нарыг замын хөдөлгөөндөө соёлтой зөв боловсон  оролцохоос гадна өвлийн улиралтай холбогдуулан тээврийн хэрэслийн бүрэн бүтэн байдлыг хангаж замын хөдөлгөөний дүрмээ ёсчлон биелүүлэхийг Замын цагдаагийн тасгаас онцгой анхааруулж  байна.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ