Автобус ирэх хугацааг мэдээлэх электрон самбар байршуулж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны
тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Нийслэлийн
гэр хороололд нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах АХБ-ны төслийн хүрээнд
автобусны ирэх хугацааг тооцоолох систем бүхий зорчигчдыг шуурхай мэдээллээр
хангах электрон самбарыг автобусны буудлуудад суурилуулж байна.
Нийслэлийн гэр хорооллын
гудамж, зам талбайд нийтийн тээврийн хүртээмж, үйлчилгээг сайжруулж, явган
зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17,
18, 23 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлуулж эхэлсэн цахим самбар нь
автобусыг маршрутынх нь дагуу зогсох буудал бүрд хэдий хугацааны дараа ирэхийг
хурд болон замын хөдөлгөөний түгжрэлээс хамааруулан тооцоолох нэгдсэн систем
аж.
Зорчигчид автобус удаан
хүлээхгүй ажлаа зохицуулж төлөвлөснөөр сэтгэл ханамж өндөр байж, илүү таатай
зорчих нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байгаагаа “Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах”
төслийн зохицуулагч О.Мөнхнасан хэллээ.
Нийслэл хотын замын
түгжрэлийн нэг шалтгаан нь иргэд автобус
хүлээн удаан зогсохоос сэргийлж аль болох хувийн автомашиныг түлхүү хэрэглэх болсон.
Сүүлийн 3 жил нийтийн
тээврийн газарт бүртгэгдсэн зорчигчдын нийт гомдлын дунджаар 12 хувь нь нийтийн
тээвэр цагийн хуваариа мөрдөхгүй байна гэсэн санал шүүмжлэл байв. Тиймээс дээрх
хэрэгцээнээс үүдсэн шийдлийн нэг болгож зорчигчдыг мэдээллээр хангах зориулалтын
RGB p5 LED дэлгэцтэй электрон самбарыг автобусны буудлуудад байршуулж байна.
Энэ самбараас иргэд, зорчигчид автобусны ирэх хугацаа, байршлаас гадна цаг агаарын температур, агаарын чанарын индекс зэрэг олон төрлийн мэдээллийг нэг дорж авах юм. Электрон самбарыг нийслэлд “Ард” кино театр, Бэлхийн хуучин эцэс, Тоосгоны үйлдвэрийн эцэс зэрэг буудалд туршиж, Чингэлтэй дүүргийн дээр дурдсан 3 хорооны нутагт дэвсгэрт байрлуулаад байна.
Энэ талаар АХБ-ны тээврийн мэргэжилтэн Ребекка Стейплтон хэлэхдээ, нийтийн тээврийг сайжруулахад хамгийн чухал гол зүйл нь автобусны үйлчилгээний талаар зорчигч, үйлчлүүлэгч иргэдийн санал, хүсэлтийг сонсох явдал юм. Төслийн хүрээнд боломжийг бүрдүүлсэн. Сүүлийн 5 жилд нийтийн тээврийн байдал харьцангуй сайжирсан гэж үзэж байгаа. Жишээ нь, Чингэлтэй дүүрэгт шинэ автобуснууд явж байна. Мөн төслийн хүрээнд шинэ байгууламжтай болсон. Автобусны ирж, явж буй мэдээллийг иргэд харж байна. Нийтийн тээвэртэй холбоотой санал гомдол бодит ажил болон эзэндээ очиж байгаа нь том ахиц юм гэв. Энэ талаар төслийн инженер Ж.Даваасүрэн, төслийг иргэдийн саналыг авах замаар олон нийтийн зөвлөл байгуулан иргэдийн оролцоонд түшиглэн хэрэгжүүлснийг бататган хэлсэн юм.
АХБ-наас Улаанбаатар хотод
хэрэгжүүлсэн “Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах” төслийн
хүрээнд нийтийн тээврийн 19 шинэ буудлыг шинээр ашиглалтад оруулж нийслэлийн
захиргаанд хүлээлгэн өгсөн юм.
Мөн эцсийн буудал дээр зорчигч,
жолооч нар түр амран саатах төвтэй буудал байгуулсан. Энэ нь техникийн өрөө,
зорчигчдын хүлээлгийн танхим, мэдээллийн ухаалаг дэлгэц, хөдөлгөөний хяналтын
камер болон бие засах газар зэргээс бүрдсэн зориулалтын, жишиг буудал юм.