“Нэг сум нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэнгийн далимд өвлийн бэлтгэлээ базаана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-10-05 17:55:35
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймагт 11 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа “Нэг сум нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдаа өнөөдөр Зуунмод сумын Дунжингарав цогцолборт эхэллээ.  

Үзэсгэлэн худалдааны нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн А.Сүхбат болон Төв аймгийн засаг дарга Ж.Батжаргал, МҮХАҮТэнхимийн орлогч дарга М.Сарандаваа мөн аймгийн засаг даргын орлогч, "Нэг сум нэг бүтээгдэхүүн" үзэсгэлэн худалдааг зохион байгуулах комиссын дарга Д.Мөнхбааатар зэрэг хүмүүс оролцлоо.

Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал ирсэн зочдод хүндэтгэл үзүүлж талархал дэвшүүлсэн төдийгүй манай аймаг дангаараа улсын хэмжээний үр тарианы 25 хувийг хангаж байгааг нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцолсон юм. Харин УИХ-ын гишүүн А.Сүхбат,  тус аймгийн баялаг бүтээгчид чанартай бүтээгдэхүүнээр жилийн жилд хэрэглэгчиддээ бэлэг барьдагт баяр хүргэсэн юм.

Энэхүү үзэсгэлэн худалдаанд Төв аймгийн 79 үйлдвэрлэл эрхлэгч 200 нэр төрлийн  бүтээгдэхүүнээр оролцож байна. Мөн “энэ жилийн арга хэмжээний нэг онцлог нь үзэсгэлэн худалдаагаар дамжуулан  мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг хангахад чиглэгдэж байгаа” гэж үзэсгэлэн худалдааг зохион байгуулах комиссын дарга Д.Мөнхбаатар хэллээ. Тодруулбал өвөлжилтийн бэлтгэл тааруу байгаа тал хээрийн сумдад шаардлагатай өвс  тэжээлийг бэлтгэн нийлүүлэгчээс шууд хэрэглэгчдэд  нийлүүлэх нөхцлийг бүрдүүлж, үйлчилгээг ойртуулж байгаа талаар онцолсон юм.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ