Эх дэлхийн өдрийн тухай сонирхолтой 10 баримт

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2024-04-22 16:09:58

ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 22 /Time/. Манай дэлхий дээр 8 тэрбум гаруй хүн амьдардаг. Тэгвэл жил бүрийн хавар тохиодог Эх дэлхийн өдөр нь оршин амьдарч буй гараг ертөнцдөө анхаарал халамж тавих хэрэгтэй гэдгийг тэдэнд сануулдаг билээ.


Дөрөвдүгээр сарын 22-нд болдог “Эх дэлхийн өдөр” нь 1970 онд АНУ-д байгаль орчны доройтлын талаарх мэдээ мэдээллийг сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулсан үеэс эхлэлтэй. Тэр цагаас хойш энэхүү өдрийг дэлхийн 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлэх болжээ.


Энэ өдөр байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахын тулд хүн төрөлхтөн юу хийх ёстойг сануулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд гарсан ахиц дэвшлийг сайшаан урам өгдөг. Мөн уур амьсгалын асуудлаарх гэрээ хэлэлцээрүүд байгуулах, байгаль орчны агентлагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд түлхэц болдог.


Энэ онд “Гараг дэлхий vs. Хуванцар” уриан дор зохион байгуулагдаж буй энэ өдрийг тохиолдуулан төр, засгийн удирдлагууд, компаниуд, хүмүүст хандан 2040 он гэхэд хуванцрын үйлдвэрлэлийг 60 хувиар бууруулахыг уриалж байна. Мөн 2030 он гэхэд нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүний хэрэглээг бүрмөсөн зогсоохыг уриалж байгаа ажээ.


“Хүрээлэн буй орчин гэдэг нь биднийг тойрон хүрээлж буй бүхнийг хэлдэг. Хуванцрын тухайд гэвэл бид өөрсдөө бүтээгдэхүүнээс өөрцгүй болон хувираад байна. Тодруулбал, хуванцар таны судсаар урсаж, дотор эрхтэнүүдэд нэвтэрч байгаа бөгөөд тэдгээр нь хорт хавдар, халдварт өвчний шалтгаан болдог хүнд металлуудыг тээж байдаг. “Гараг дэлхий vs. Хуванцар” кампанит ажил бол хуванцрын эсрэг тэмцэх уриалга бөгөөд хуванцраас үүдэлтэй сөрөг үр дагаврыг зогсоож, манай гараг дээрх бүх амьд биетийг хамгаалахын тулд яг одооноос арга хэмжээ авахыг шаардаж байна” гэж “Earthday.org” байгууллагын ерөнхийлөгч Кэтлин Рожерс хэллээ.


Эх дэлхий өдрийг Сенатын гишүүн санаачилжээ

Висконсин муж улсаас сонгогдсон сенатч, Ардчилсан намын гишүүн Гэйлорд Нельсон  АНУ-ын байгаль орчны байдалд ихээхэн санаа зовнидог нэгэн байв. 1969 оны нэгдүгээр сард Калифорни муж улсын Санта-Барбара хотод их хэмжээний газрын тос асгарсны дараа коллежийн хотхонуудад хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр сургалт явуулах санаа түүнд төржээ. Г.Нельсон энэ санаагаа олон нийтэд хүргэхийн тулд залуу идэвхтэн Денис Хэйсийг эгнээндээ элсүүлсэн байна.


Эх дэлхийн өдрийг тэмдэглэх санаа нь хэд хэдэн байгалийн хөнөөлт үзэгдлийн дараа гарч иржээ

Эх дэлхийн өдрийг санаачлан зохион байгуулагчдын нэг болох Д.Хэйс өмнө нь “Тайм” сэтгүүлд ярилцлага өгөхдөө, энэхүү тэмдэглэлт өдрийн цаад санаа нь Рэйчел Карсоны 1962 онд бичсэн “Silent Spring” ном, 1969 онд болсон Кайохога голын түймэр зэрэг байгаль орчинд олон нийтийн анхаарлыг хандуулсан хэд хэдэн үйл явдлын дараа төрсөн хэмээн ярьж байжээ. Түүний хэлснээр, АНУ-д агаарын бохирдлыг бууруулах, фермийн ажилчдад үзүүлэх хортон шавжны хорны нөлөөнд анхаарал хандуулах гэх мэт янз бүрийн асуудлаар ажилладаг хэд хэдэн бүлгүүд ажиллаж байсан боловч хоорондоо огт хамтран ажиллаж байгаагүй юм.


“Бидний хийсэн зүйл бол зэрлэг ан амьтдыг хамгаалах асуудлыг оролцуулаад тэдгээрийг бүгдийг нь нэгтгэсэн явдал юм. Өнөөдөр энэ нь хачирхалтай сонсогдож байж магадгүй боловч тухайн үед янз бүрийн чиглэлээр ажилладаг хүмүүс өөрсдийгөө нийтлэг зорилготой гэж боддоггүй байсан” гэж Д.Хэйс 2019 онд “Тайм” сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ дурсаж байв.


Эх дэлхийн өдрийг анх тэмдэглэхэд 20 сая гаруй хүн оролцсон

1970 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр болсон Эх дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх анхны үйл ажиллагаанд олон сая хүн оролцжээ. Хүмүүс жагсаал хийж, гудамж цэвэрлэх ажилд гар бие оролцсон уг үйл явдлын үеэр Манхэттений Тавдугаар өргөн чөлөөний хөдөлгөөн зогсож байжээ.


Тус өргөн чөлөөнд “Warner, Burns, Toan & Lunde” архитектурын фирмийн гишүүд 57-р гудамжны ойролцоо асфальтан зам дээр шар, цагаан өнгийн дэвсгэр дэвсэж, дарсны лонхонд алтанзул цэцэг хийж тавьсан байв. Тэдний эргэн тойронд инээж баяссан хүмүүс цугларч, Эх дэлхийн өдрийн мэнд хүргэе гэж дуулж байсан тухай “Нью-Йорк Таймс” сонин мэдээлж байлаа.


Эх дэлхийн өдрийг коллежийн хуваариас шалтгаалан дөрөвдүгээр сарын 22-нд тэмдэглэдэг болсон

Эх дэлхийн өдрийг тэмдэглэх өдрийг товлоход коллежийн оюутнууд болох Хейс, Нельсон нарын хичээлийн хуваарь нь ихээхэн нөлөөлжээ. Дөрөвдүгээр сарын 22-ны өдөр нь хаврын амралт, төгсөлтийн шалгалтын хоорондох ажлын өдөр байсан бөгөөд цаг агаарын хувьд тохиромжтой байжээ.


АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлаг Эх дэлхийн анхны өдрийн дараа байгуулагдсан

Байгаль орчныг хамгаалах механизмуудыг зохицуулдаг Байгаль орчныг хамгаалах агентлаг /EPA/ 1970 оны 12 дугаар сарын 2-нд байгуулагджээ. Улс орон даяар өрнөсөн Эх дэлхийн өдрийн жагсаалд асар олон хүн оролцсоны дараа АНУ-ын Конгресс ийм агентлаг байгуулах шийдвэрийг гаргасан байна


“Өнгөрсөн жил зарим хүмүүс Эх дэлхийн өдөр дахин хэзээ ч болохгүй гэж хэлж байсан. Тэд энэ өдрийг байгаль орчны төлөө санаа тавьж буй дүр эсгэлт, хэлбэрдэлт хэмээн үзэж, идэвхтнүүдийн урам зориг удахгүй мохно гэж мэдэгдэж байсан. Гэвч тэд ташаа бодож байсан” гэж EPA-ийн анхны захирал Уильям Д.Рукельшаус 1971 онд болсон Эх дэлхийн өдрийг хоёр дахь удаагаа тэмдэглэх үеэр хэлж байжээ.


Эх дэлхийн өдөр 1990 оноос дэлхий даяар түгэн дэлгэрч эхэлсэн

Эх дэлхийн өдрийн анхны хөдөлгөөнд олон сая хүмүүс оролцсон нь Үндэсний байгаль орчны боловсролын тухай хууль, Хөдөлмөрлөх нөхцөлийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, мөн АНУ-д Цэвэр агаарын тухай хууль зэрэг  хуулиудыг батлахад хүргэсэн байна.


“1970 оны Эх дэлхийн өдөр бүгд найрамдахчууд ба ардчилсан намынхан, баячууд ба ядуус, хотын оршин суугчид ба тариачид, компанийн эзэд болон үйлдвэрчний эвлэлийн удирдлагуудын дэмжлэгийг авснаар улс төрийн ховорхон зөвшилцөлд хүрч чадсан” гэж “earthday.org”-ийн нийтлэлд бичжээ.


Энэ зөвшилцөл нэг улсаас хальж өргөн хүрээг хамран тэллээ. 1990 онд байгаль орчныг хамгаалагчид дэлхийн 141 орны 200 сая хүнийг хамруулан эх дэлхийгээ хамгаалах нэгэн томоохон кампанит ажил зохион байгуулахаар Д.Хэйст хандсаны дараа уг хөдөлгөөн дэлхий даяар түгэн дэлгэрчээ.


Шинэ мянган эхэлснээр уг хөдөлгөөнийхөн дэлхийн дулаарлын эсрэг кампанит ажилд гол анхаарлаа хандуулж, 2020 онд гэхэд дэлхий даяар 1 тэрбум гаруй хүн Эх дэлхийн өдрийн арга хэмжээнүүдэд оролцжээ.


 Эх дэлхийн өдрөөр Парисын хэлэлцээрт гарын үсэг зурсан

Дэлхийн түүхэн дэх хамгийн чухал ач холбогдолтой олон улсын уур амьсгалын хэлэлцээр болох Парисын хэлэлцээрийг 2016 оны Эх дэлхийн өдрөөр байгуулсан түүхтэй. Гэрээнд 190 гаруй улсын төлөөлөгчид гарын үсэг зурсан бөгөөд нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зэрэг арга хэмжээнүүдийг  хэрэгжүүлэхээр тохиролцсон билээ.


Автомашин үйлдвэрлэлийн салбарын ажилчдын нэгдсэн эвлэл Эх дэлхийн өдрийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн

Автомашин үйлдвэрлэлийн салбарын ажилчдын нэгдсэн эвлэлийн /UAW/ тэргүүн асан 1970 онд 2000 ам.доллар /одоогийн 15500 гаруй доллартай тэнцэх/ хандивласнаар Эх дэлхийн өдөрт хамгийн их хувь нэмэр оруулсан хүмүүсийн нэг болж байлаа.


“UAW бол Эх дэлхийн анхны өдөрт хамгийн их хувь нэмэр оруулсан байгууллага байсан бөгөөд энэ нь зөвхөн санхүүгийн дэмжлэгээр хязгаарлагдаагүй юм. Тус байгууллага нь бидний бүх материалыг, тэр ч байтугай бохирдол ялгаруулдаг автомашинуудын тухай шүүмжлэн бичсэн нийтлэлүүдийг хүртэл өөрийн зардлаар хэвлэж, шуудангаар түгээж байсан” гэж Д.Хейс 2010 онд “Грист” сэтгүүлд ярьж байжээ.


2024 оны Эх дэлхийн өдрөөр түүхэн дэх хамгийн том цэвэрлэгээг зохион байгуулна

Энэ жилийн Эх дэлхийн өдрийг тэмдэглэхээр “earthday.org” байгууллагынхан Малайзын талтай хамтран түүхэн дэх хамгийн том цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тус улсын хамгийн том арал болох Пинанг арал аялал жуулчлалаас үүдэлтэй хуванцар бохирдолд ихээхэн нэрвэгдээд байгаа юм. Энэ жилийн Эх дэлхийн өдрөөр 100 мянган сайн дурынхан далайн эрэг, ой модыг цэвэрлэнэ. Мөн 1 сая гаруй мод тарих ажээ.


Эх дэлхийн өдрөөр олон арван сая мод тарьсан

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээлснээр, жил бүр 7 сая гаруй га ой мод устаж байна. Үүнтэй тэмцэхийн тулд “earthday.org” байгууллага 2010 онд “Canopy” төслийг санаачилсан бөгөөд тэр цагаас хойш дэлхий даяар олон арван сая мод тарьжээ.

Холбоотой мэдээ