Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх тогтолцооны шинэчлэлийн талаар хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-04-12 08:35:58

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Манай улсын дээд боловсролын салбарт төрийн 16, хувийн 45, нийтийн 3, нийт 64 их, дээд сургуульд 145345 суралцагч диплом, бакалавр, магистр, доктор түвшинд суралцаж үндсэн 5112 багш ажиллаж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Монголын багш нарын VIII их хурлын дээд боловсролын салбар хуралдаан Төрийн ордны “Сүхбаатар” танхимд өчигдөр боллоо. Салбар хуралдаанд “Багшийн талаар хэрэгжүүлсэн бодлого”, “Боловсролын тунхаглал: Ирээдүйн суралцагчийн дүр төрх”, “Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх тогтолцооны шинэчлэл” зэрэг илтгэл хэлэлцүүлж, дээд боловсролын салбарын тулгамдсан асуудал, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэв. 

Салбарын хууль эрх зүйн орчин шинэчлэн батлагдсан, их, дээд сургууль, коллежийг гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтэд тулгуурлан эрэмбэлэх зэрэг олон чухал ажил хийгдэж буй энэ цаг үед тус их хурал болж  буйгаараа онцлогтой.


Төрийн өмчийн АШУҮИС, МУИС, ХААИС, МУБИС, ШУТИС, СУИС хамтран ажиллахаар болж гэрээнд гарын үсэг зурсан. Төрийн өмчийн 6 их сургууль, тэдгээрийн харьяа орон нутаг дахь салбар сургуулиудын хамтын ажиллагааны үр дүнг дээшлүүлэхийн тулд Дундын Удирдах зөвлөлийг Засгийн газрын шийдвэрээр байгуулаад байна. 


Дээд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаанд чанарын хяналт хийж 88 их, дээд сургууль байснаас 27 сургуулийн  сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцлан үйл ажиллагааг зогсоосон юм. Энэ үйл ажиллагаатай зэрэгцүүлэн их, дээд сургуулийн багшгүй, сургалтын орчин нөхцөлийн шаардлага хангахгүй байгаа 1286 хөтөлбөрийг хаасан нь дээд боловсролын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн томоохон арга хэмжээ болсон талаар салбар хуралдааны үеэр ярьж байлаа. 


Орон нутаг дахь төрийн өмчийн их, дээд сургуулийг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” байдлаар хөгжүүлэх, тус сургуулиудад суралцагч оюутнуудад сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн. 

Мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бие даасан 61 их, дээд сургуулийн эрэмбэ, чансааг анх удаа зарласан. Их сургуулийн сургалтын чанар, судалгаа хийдэг эсэх, оюутнуудын сурах орчин, төгсөгчид ажлын байранд гарсан хувь зэрэг нийт 272 үзүүлэлтийг хэмжиж эрэмбийг гаргасан. Үндэсний эрэмбэ, чансаа тогтоох шалгуур үзүүлэлтийг Боловсролын чанарын судалгааны хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв хамтран Олон улсын Times Higher Education байгууллагаас арга зүйн зөвлөгөө авч боловсруулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар аргачлалыг баталжээ.  


Салбар хуралдаанд оролцогчид тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг олон талын оролцоотой хэлэлцэж байгаа бөгөөд гарсан санал дүгнэлтээ холбогдох талуудад хүргүүлж, Монгол багш нарын VIII Их хурлаас гарах бодлого шийдвэрт тусгуулах юм.



Холбоотой мэдээ