ОРХОН: Л.Баярмаа: Бие даан суралцах нь энэ нийгмийн хамгийн чухал зүйл

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-04-10 12:33:09
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Бага ангийн багшаар 24 дэх жилдээ ажиллаж буй Л.Баярмаа багштай ярилцлаа. Орхон аймгийн 13 дугаар сургуульд багшилдаг тэрбээр бага ангийн сурагчдыг бие даах чадвар болон шийдвэр гаргаж сургахад нь анхаарч ажилладаг. Түүний ажлын онцлог, арга барилын талаар ярилцлаа.   


-Юуны өмнө таны ажлын туршлага, энэ мэргэжлийг сонгох болсон талаар ярилцлагаа эхэлье.

-Би Булган аймгийн Бугат суманд төрж өссөн. Их сургуулиа төгсөөд Бугат суманд хоёр жил багшилж байгаад 2000 онд Орхон аймагт шилжин ирж мэргэжлээрээ үргэлжлүүлж ажилласан. Боловсролын салбарт 24 дэх жилдээ ажиллаж байна. Өөрийн маань хүсэл, тэмүүлэл багш болж хүүхдүүдэд мэдсэнээ түгээхийг хүсдэг байсан учраас энэ мэргэжлийг сонгосон. Бага ангийн таван ангийг төгсгөөд энэ жил зургаа дахь ангиа дааж аваад ажиллаж байна.


-Анхны хичээл, анхны хариуцаж авсан анги гээд ажлын гараа эхэлж байсан үеийн дурсамжаасаа хуваалцаач? Төгсөж ирсэн багшид юу хамгийн хэцүү байв?  

-1995 онд анхны ангиа хариуцан ажиллаж байлаа. Мэдээж залуу багшид бүх зүйл шинэ, хэцүү байсан ч тэвчээртэй, тууштай байхыг хичээсэн. Мөн аав маань надад их тусалдаг байсан учир тэр  бэрхшээлийг давж чадсан гэж боддог. Манай аав бага ангийн багшаар ажиллаж байгаад сүүлд намын дээд сургуульд сураад Бугат сумын МАН-ын дарга болсон юм. Тэгээд намайг “Чадварлаг багш” болгоно гэж хичээж, надтай хамт нойргүй хонож хичээлийн үзүүлэнгүүд хийхэд минь хүртэл тусалдаг байлаа. Би ч аавынхаа зөвлөснөөр багш болсон учир надад үргэлж тусалдаг байсан.


-Боловсролын салбарт ажиллахдаа хувь хүнийхээ хувьд болон багш мэргэжлийнхээ хүрээнд мэдлэг боловсролоо хэрхэн дээшлүүлж ажиллав? Өөрийгөө хөгжүүлэх аргаасаа хуваалцахгүй юу?

-Багшийн ажлын хажуугаар сэтгэлгээний сургалтуудад олон удаа хамрагдсан. Бараг долоон жил энэ чиглэлээр өөрийгөө хөгжүүлсэн. Өөрийгөө бусдын өмнө нээлттэй харилцаж сурахад анхаарсан. Өөрийн хувь хүний хөгжлийн карьертаа анхаарсан. Сургагч багш болж бусдын өмнө сургалт хийж сурсан. Гадаад, дотоодын сургалтуудад хамрагдсан. Мөн хувиараа бизнес хийж хувь хүний манлайллаа хөгжүүлж эхэлсэн. Энэ маань их давуу тал болсон. Ажлынхаа хажуугаар бизнес хийгээд багшийнхаа ажлыг түр завсарласан. Дараа нь буцаад багшаараа ажиллахад маш их туршлага, мэдлэг хуримтлуулсан байснаа анзаарсан. Эргээд ажилдаа орохдоо ч урам зоригтой, өмнөхөөсөө илүү тэмүүлэлтэй болж ажлын арга барилаа олж чадсан.


-Багшийн ажлаа түр орхих болсон шалтгаан нь өөрийгөө хөгжүүлэх юмуу, бизнес хийх байсан уу?

-Өөрийгөө хөгжүүлэх байсан. Сэтгэлгээ, хандлагаа өөрчлөх нь маш чухал байсан. Бизнес хийснээр хувь хүн ямар их хөгжиж болдгийг ойлгосон. Энэ хугацаанд сурсан мэдлэгээ улам баяжуулж багшаараа ажиллах үедээ эргээд ашигласан. Сургалтын арга зүй, хүнтэй харилцах харилцаа, бусдыг ойлгох чадвар, асуудлыг харах өнцөг эрс өөрчлөгдсөн. Мөн олон хүний өмнө гарч өөрийн мэдлэгээ хуваалцаж ярих их хэцүү байдаг даа. Тэгвэл хувийн бизнес хийснээр тэр бэрхшээлийг давж чадсан.


-Эргээд салбартаа орж ажиллахад ямар байв? Өөрчлөгдсөн зүйл байсан уу?

-Байлгүй яахав. Маш олон зүйл өөрчлөгдсөн байсан. Би багшийнхаа ажлаас долоон жил засвардсан. Намайг ажиллаж байх үед эцэг, эхчүүдийн харилцаа, хандлага эерэг байсан. Тэд багшийг хүндэлдэг, хамтран ажилладаг байсан. Гэтэл нийгэм, хүүхэд, эцэг, эхчүүд бүгд өөрчлөгдсөн юм шиг санагдаж байлаа. Бэрхшээл, сорилт мэт бодогдож түүнийг давж тэмцэж ажиллах ёстой гэсэн бодол орж ирсэн.   


-Аливаа зүйлийг харах, дүгнэх байдлаа өөрчилсөн гэлээ. Үүнээс ямар үр дүн гарав?

-Бусдыг манлайлах чадвараа хөгжүүлснээр өөрийн мэдлэгээ бусадтай хуваалцахдаа дуртай болж эцэг, эхчүүдтэйгээ харилцах харилцаанд эерэг уур амьсгал бүрдэж байгаа нь анзаарагдсан. Мөн хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх, эцэг эхчүүд юу анхаарах ёстойг хичээлээс гадуурх сургалтаараа аав, ээж нарт нь орсон. Бид хамтдаа хүүхдийнхээ боловсролд анхаарах ёстой шүү гэсэн хандлагыг бий болгосон.


-Ажлын энэ арга барил чинь хүүхдүүдийн хөгжилд хэрхэн нөлөөлж байв?

-“Хүн болох багаасаа” гэсэн зарчмыг баримталж ажилласан. Бие даан суралцах нь энэ нийгмийн хамгийн чухал зүйл гэж харсан. Хүүхэд бие дааж сурснаар ямар ч үед шийдвэр гаргаж сурна. Энэ шийдвэртээ хариуцлагатай байж сургах нь бас чухал байлаа. Хүүхдүүд өөрсдөө асуудлаа шийдвэрлэж сурах нь хүүхдийн бие даах чадварт нь нөлөөлнө гэдгийг харсан.


-Бие даах чадварыг нь хөгжүүлэхийн тулд сургалтдаа ашигласан арга барилаасаа хуваалцвал?

-Ер нь аав, ээж нар хүүхдүүдээ бие даалгаж сургая гэж боддоггүй. Хүүхэд нь аяга угаах, хог шүүрдэхдээ дутуу хийнэ дээ гэж бодоод өөрсдөө өмнүүр нь ороод хийчихдэг.  Энэ нь хүүхдийг бие даах чадварт нь саад болдог. Иймд хүүхэд эхлээд тухайн ажлыг муу хийнэ. Тэр үед нь тэвчээртэй чимээгүй байж, дараа нь яаж хийхийг нь харж хүүхдэдээ итгэх хэрэгтэй юм.  

Тэгэхээр, эхлээд хүүхдийг эмх цэгцэд сургах хэрэгтэй. Өөрийнхөө хэрэглэж байгаа зүйлээ хаана тавьснаа мэддэг байх хэрэгтэй. Эндээс бие даах чадвар эхэлдэг. Би энэ дадлыг бий болгохын тулд ангийнхаа хүүхдүүдийг хамгийн түрүүнд ширээгээ тэгшилж, хувцсаа өрж тавьж цэвэрхэн орчинд суух дадлыг бий болгосон. Мөн хүүхдүүд ар, араасаа харж суух биш тойрог хэлбэрээр ширээгээ засаж суугаад хичээлээ хааяа ч гэсэн сонирхолтой байдлаар заахыг хичээдэг. Бас хүүхдүүдийнхээ санаачилгыг дэмжиж, тэдний хүссэнээр заримдаа ширээгээ засаж суух гээд олон арга зүйг өдөр тутамдаа ашигладаг.


-Энэ өөрчлөлтийг нь эцэг, эхчүүд анзаарч байна уу?

-Анзаардаг. Манай хүүхэд дэвтэр, номоо эмхэлж нэг газар тавьж сурсан байна. Хувцсаа эвхэж байна гээд гэртээ гаргаж буй өөрчлөлтийг эргээд хэлдэг. Хүүхдийнхээ бие даах чадварыг хараад гайхаад хэлдэг.


-Орхон аймаг сүүлийн жилүүдэд Японы “Токацү” сургалтын арга зүйг ашиглаж эхэлсэн. Таныг энэ аргазүйг сайн ашиглаж өөрийн арга барилаа олсон гэж салбарынхан тань хэлж байсан.

-Токацү сургалтын арга зүй нь хүүхдийн бие даах чадварыг хөгжүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн байдаг. Энэ сургалтыг Японы ахмад багш, доктор Огава Эрдэнэт хотод “нутагшуулсан”. Би энэ сургалтад хамрагдсан. Үүнээс хүүхэд шийдвэр гаргаж сурах, бие даах чадвараа хөгжүүлэх ёстойг ойлгосон.

Энэ сургалтаа улам гүнгийрүүлж судлахаар Япон руу явсан багш нарын багт орж ажилласан. Тэнд очоод цэцэрлэгээс их, дээд сургууль хүртэлх бүх боловсролын байгууллагад нь Токацү арга зүйг хэрхэн хэрэгжүүлдгийг нь харсан. Хүн нэг настайгаасаа эхлээд бие дааж сурах хэрэгтэй. Эхлээд хувцсаа эвхэж эхэлсэн бол дараа нь цүнхэндээ хийж сурах гээд. Хүүхдийг сонирхлоор нь дамжуулж хөгжүүлж болдгийг харж туршлага судалсан. Үүний дараа би ангидаа өөрийн арга зүйгээ хэрэгжүүлж, сард нэг удаа эцэг, эхийн арга зүйн аян өрнүүлж эхэлсэн.  


-Хүүхэд бүрийн сурах арга барил, чадвар нь өөр байдаг. Хичээлийн хоцрогдолтой хүүхдэд ямар арга зүйгээр мэдлэг олгодог вэ?

-Ялгаатай түвшний даалгавраар хоцрогдлыг нь арилгадаг. Хүүхэд заавал онц сурах албагүй, гол нь бие даах чадвартай байх ёстой. Үүнд нь суурилж ялгаатай даалгавар өгч ажилладаг. Мөн уншаад ойлгох чадвар маш чухал. Хүүхдийг номд дурлуулж, унших дадалд сургах хэрэгтэй. Аав, ээж нар манай хүүхэд ном уншихгүй байна гээд шүүмжлээд байдаг. Гэтэл хүүхдийнхээ ном унших сонирхлыг өдөөж өгч чадахгүй байгаад учир байна. Ер нь томчууд өөрсдөө бүх зүйлд үлгэрлэх хэрэгтэй юм.


-Багш нар хүүхдүүдтэй харилцахдаа давхар эцэг, эхчүүдийг нь хүмүүжүүлж байдаг гэж би хувьдаа дүгнэдэг.

-Тийм ээ. Сүүлийн үед залуу аав, ээж нар хүүхдийнхээ сул талыг хэлүүлэх дургүй болсон байна лээ. Тэр ч бүү хэл зарим нь багшаар үг хэлүүлэх дургүй болоо юу ч гэж харагдаж байна. Иймд багш өөрийн арга барилаа өөрчилж аав, ээж нартай хүүхдийнх нь тухай ярихдаа, танай хүүхэд ийм давуу талтай гээд эхлээд сайн, сайхныг нь яриад дараа нь үүнийг засчихвал бүр илүү сайжрах гээд байна гээд сул талыг нь хэлж байна. Энэ мэтчилэн ажлын болон харилцааны арга барилаа өөрчилж улам л сайжруулах гэж хичээн ажиллаж байна. 

-Ярилцсанд баярлалаа.

 

Холбоотой мэдээ