ХОВД: Сүүлийн нэг жилд 53 мянга гаруй иргэн цахимаар төрийн үйлчилгээ, лавлагаа авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны дөрөвдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Цахим хөгжлийн өдөрлөг Ховд аймагт боллоо.
Өдөрлөгийн үеэр “Цахимд хэвшье” уриалга дэвшүүлж, төр, хувийн хэвшлийн байгууллагын түншлэлийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулж, мэдээллийн технологийн үйлдвэрлэгчдийн программ хангамж, бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчиллаа.
Тус өдөрлөгт төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн төлөөлөл 300 гаруй хүн оролцжээ.
Цахим хөгжил, харилцаа холбооны яам энэхүү өдөрлөгийг тусгай хуваарийн дагуу улсын хэмжээнд зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд тус яамны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын баг энэ сарын 5-нд Ховд аймагт ажилласан ба Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, “Цахим үндэстэн” болох уриалга хэрхэн хэрэгжиж байгааг газар дээр нь үнэлж, мэргэжил арга зүй болон бодлогын дэмжлэг үзүүлжээ.
Иргэд хэрэгтэй төрийн үйлчилгээгээ авах гэж олон албан байгууллагаар явж, дунджаар 2-3 цагийг зарцуулдаг байсан. Тэгвэл төрийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэнээр гар утаснаасаа, киоск машинаас, эсвэл өөрт хамгийн ойр байрлах Хурдан цэгээс хүссэн үйлчилгээгээ 10-15 минутын дотор нэг цонхноос авах боломж бүрдэж, цаг хугацаа, хөрөнгө санхүү хэмнэсэн ажил болж байна.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус аймагт давхардсан тоогоор 53670 иргэн төрийн цахим үйлчилгээ, мэдээлэл, лавлагаа авчээ.
Ховд аймаг харилцаа холбооны суурь дэд бүтэц болох шилэн кабелийн сүлжээг бүх суманд нэвтрүүлсэн ба үүрэн холбооны сүлжээнд 17 сумын 91 багаас 86 нь холбогджээ.
Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас 2023 онд аймгуудын цахим шилжилтийн тайлан гаргахад Ховд аймаг гуравдугаар байрт орсон байна.
Цахим шилжилт, хэрэглээг илүү хүртээмжтэй болгох, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилго бүхий ажил цаашид үргэлжилнэ. Энэ нь иргэдэд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй, түргэн шуурхай үзүүлэх боломж бүрдүүлэх давуу талтай юм.