ОХУ Сири рүү пуужингийн довтолгооноос хамгаалах системээ илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-10-04 11:54:49

ВАШИНГТОН. /Fox News/. ОХУ пуужингийн довтолгооноос хамгаалах дэвшилтэт системээ Сирид байрлуулсан гэж АНУ-ын албаны хүмүүс “Fox News” телевизэд мэдээлжээ. Энэ алхам нь ОХУ Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадыг дэмжих зорилго бүхий цэргийн ажиллагаагаа өргөжүүлж байгааг харуулж байна.

ОХУ-ын хийж буй үйлдэл нь Сирид хэрэгжиж байсан гал зогсоох тохиролцоог нуран унахад хүргэсэн бөгөөд АНУ-тай хийж байсан шууд хэлэлцээ зогссоны дараа ОХУ ийм алхам хийжээ.

ОХУ ямар зорилгоор ийм алхам хийсэн нь тодорхойгүй байгаа боловч албаны хүмүүсийн үзэж байгаагаар, энэ систем нь Сири рүү хийж болзошгүй Америкийн далавчит пуужингийн довтолгоог эсэргүүцэх зорилготой байж магадгүй юм. 

240 км-ийн тусгалтай, пуужин болон нисэх онгоц эсэргүүцэх “С-300ВМ” системийн бүрдэл хэсгүүдийг өнгөрсөн амралтын өдрүүдэд Газар Дундын тэнгисийн эрэг дэх Сирийн Тартус хотод байрлах ОХУ-ын тэнгисийн цэргийн баазад хүргэсэн гэж АНУ-ын албаны хүмүүс мэдэгдэв.

ОХУ “С-300ВМ” системийг анх удаа гадаадад байрлуулж байгаа нь энэ юм гэж Өрнөдийн нэгэн орны албаны хүн тагнуулын мэдээлэлд үндэслэн хэлсэн байна. Бүрдэл хэсгүүд хайрцаг савтайгаа байгаа бөгөөд угсарч эхлээгүй байгаа аж.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ