ДАРХАН-УУЛ: Урьдчилан сэргийлэх үзлэгт 30526 хүүхэд хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-04-04 18:00:16

Дархан, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд  37662 хүүхэд хамрагдахаас өнөөдрийн байдлаар 30526 хүүхэд хамрагджээ. Энэ нь нийт хүүхдийн 81.1 хувь нь хамрагдаж үлдсэн 18.9 хувь буюу 7136 хүүхэд үзлэгт хамрагдаагүй гэж аймгийн ЭМГ-ын хэвлэлийн ажилтан М.Ихэрбаяр мэдэгдлээ.


Хоёр жилийн хугацаанд үргэлжилж буй уг үзлэг, шинжилгээгээр шүдний өвчлөл, нүдний эмгэг, гүйлсэн булчирхайн эмгэг, амьсгалын тогтолцоо, цус багадалт зэрэг нь тэргүүлэх өвчлөлд бүртгэгджээ.


Шүд болон нүдний эмгэг нь тэргүүлэх өвчлөлд бүртгэгдсэн нь анхаарал татаж, хүүхдэдээ тавих анхаарал эцэг, эхчүүдийн дунд сул байгааг илтгэж байна гэв. Нөгөөтэйгүүр шүдний өвчлөл нь бүх төрлийн өвчний суурь болдог тул жилд дунджаар 1-2 удаа шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд тогтмол хамруулж мэргэжлийн эмч нар зөвлөж байна.


17 хүртэлх насны хүүхдүүд эцэг, эх, асран хамгаалагчийн хамт сум, багийн харьяа ӨЭМТ-д очиж шинжилгээнд хамрагдах боломжтой.


Эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагдах ёстой хүүхэд багачуудыг бүрэн хамруулах зорилгоор мөн амны хөндийн эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн ажлыг аймгийн эрүүл мэндийн газрын нийгмийн ЭМТ-өөс СӨББ, ЕБС-иудад  тогтмол зохион байгуулж байна.

 

Холбоотой мэдээ