Г.Наранцэцэг Анталиягийн Их дуулгаас гурав дахь медалиа хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
192@montsame.mn
2024-03-30 11:51:16

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээний нэг Анталиягийн их дуулгаас Монгол Улсын шигшээ багийн тамирчин Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ.


Тодруулбал, Турк улсын Анталия хотод жүдо бөхийн Их дуулга тэмцээн өчигдөр эхэлсэн юм. “Парис-2024” олимпын наадмын эрхийн оноо олгох тус тэмцээнд 94 орны нийт 661 тамирчин өрсөлдөж байна. Тэмцээнд манай улсаас эрэгтэй 9, эмэгтэй 11, нийт 20 жүдоч хүч үзэж буйгаас эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Г.Наранцэцэг Бразилын бөхийг ялснаар хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр Их дуулга тэмцээний долоо дахь медалиа гардаж байгаа ба Анталиягийн Их дуулгын гурав дахь (2022 онд алт, 2023, 2024 онд хүрэл) медалиа хүртэж байна.


Тэрбээр эмэгтэйчүүдийн -48 кг жинд Гватемал улсын Жакелин Солис, Нидерландын Амбер Гершес, Туркийн Мерв Азак нарыг ялж хагас шигшээд шалгарч, Турк улсын Сила Ерсинд ялагдаж хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм. Улмаар хүрэл медалийн барилдаанд Бразилын Наташа Феррейраг ялж медалийн тавцанд зогсов. Мөн өчигдөр эрэгтэй -60 кг жинд Б.Цогт-Очир 5-р байр, Э.Ариунболд 7-р байр эзлэв.

Өнөөдөр гуравдугаар сарын 30-нд эрэгтэй хасах 73 кг жинд Л.Анхзаяа, -81 кг жинд Г.Болор-Очир, Э.Баянцагаан, эмэгтэй -63 кг жинд Б.Ганхайч, -70 кг жинд Б.Ням-Эрдэнэ нар барилдана.


Холбоотой мэдээ