Дөрвөн улсын эко аялал жуулчлалын эмхэтгэлийг гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-03-29 11:59:41

МОСКВА, 2024 оны гуравдугаар сарын 29 /TASS/. “Туманганы өргөтгөсөн санаачилга”-д оролцогч Монгол, Орос, Хятад, Өмнөд Солонгос улсууд хамтран эко аялал жуулчлалын ирээдүйтэй чиглэлүүдийн эмхэтгэл гаргахаар тохиролцсон тухай ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам мэдээллээ. 


Зүүн Хойд Азийн эко аялал жуулчлалыг хөгжүүлэх семинарын үеэр энэхүү шийдвэрийг гаргажээ. Тус яамны Олон талт эдийн засгийн хамтын ажиллагаа, тусгай төслүүдийн газрын дарга Никита Кондратьевын ярьснаар, эмхэтгэлийг энэ онд гаргах бөгөөд түүнд Орос, Хятад, Монгол, Өмнөд Солонгосын эко аялал жуулчлалын 50 орчим маршрутыг багтаах ажээ. 


Үүний үр дүнд Зүүн хойд Азийн бүс нутгийн хэмжээнд аялал жуулчлалын ирээдүйтэй чиглэлүүдийг хөгжүүлэх сүүлийн үеийн дэлгэрэнгүй лавлах бий болно. Уг эмхэтгэлийг дөрвөн улсын аялал жуулчлалын бизнес эрхлэгчид, аялал жуулчлалын компаниудаар үйлчлүүлж буй хүмүүст тараах юм. 


Эко маршрутын нэгдсэн лавлах нь Сибирь, Алс Дорнодын бүс нутгуудад онцгойлон анхаарч, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахын сацуу Зүүн Хойд Азид цаашид хэрэгжүүлэх болон одоо хэрэгжиж байгаа эко аялал жуулчлалын төслүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аялал жуулчлалын салбарынханд өгнө гэж Эдийн засгийн хөгжлийн яам онцлон тэмдэглэв.


"Туманганы өргөтгөсөн санаачилга" бол НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс дэмжлэг авдаг, Зүүн Хойд Азийн орнуудын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм бөгөөд түүнд Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНСУ  гэсэн дөрвөн улс хамрагддаг.

Холбоотой мэдээ