Р.Лхамрагчаа: “Сүбээдэй баатар” хөлгөн туульсын нэгдүгээр ботийг найман жил бичсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-03-21 20:42:46

Дархан, 2024 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Өнөөдөр дэлхийн яруу найргийн өдөр тохиож байна.  ЮНЕСКО-гоос жил бүрийн гуравдугаар сарын 21-нийг “Дэлхийн яруу найргийн өдөр” хэмээн зарлан тунхагласнаас хойш энэ өдрийг 26 дахь жилдээ тэмдэглэж байна.


Энэ өдрийн зорилго нь яруу найргийн гоо сайхныг хүмүүст ойлгуулах, яруу найрагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, залуу яруу найрагчдад уран бүтээл туурвих боломж олгоход чиглэсэн байдаг.


Түүнчлэн яруу найргаар дамжуулан аливаа хэл соёлын олон талын хөгжлийг дэмжих, устаж буй хэлийг таниулан дэлгэрүүлэх нь Дэлхийн яруу найргийн өдрийн бас нэгэн агуулга, зорилго оршдог байна. 


Энэ хүрээнд Монголын Зохиолчдын эвлэлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн, МЗЭ-ийн болон Ч.Лодойдамбын шагналт зохиолч, яруу найрагч Р.Лхамрагчаатай уулзаж түүний “Сүбээдэй баатар” хөлгөн туульсын талаар цөөн хором ярилцлаа.

 


-Юуны өмнө Монголын Зохиолчдын эвлэлийн Дархан-Уул аймаг дахь салбар энэ өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг талаар ярилцлагаа эхэлье.


-МЗЭ-ийн Дарханул аймгийн салбар дэлхийн яруу найргийн өдрийг уулзалт, оюутан, залуучуудын дунд Хоролрдэнэ яруу найргийн наадмыг жил бүр тогтмол явуулж ирсэн.


 


-Энэ өдөр таны арав гаруй жил хөдөлмөрлөж туурвисан “Сүбээдэй баатар” хөлгөн туульсыг онцолж байна. Чухам яагаад Сүбээдэй баатрын талаар туульс бичих болсон бэ?

-"Сүбээдэй баатар" туульсыг бичиж эхэлсэн үе 2012-2013 он. Хоёр боть хэвлэгдсэн. Одоо гурав дахь ботио бичиж байна.

Ер нь их урт удаан хугацаа шаардсан л даа. Нэгдүгээр ботио найман жил орчим бичсэн. Монголын түүхийг сөхөж харвал, тухайн үеийн талаар бичье гэвэл Чингис хаан, XIII зуунд мандан бадарч явсан үеийг Сүбээдэйн түүхтэй бичихээс өөр арга байхгүй. Гишгэсэн мөр болгон нь холбоотой. Чингис хааны есөн өрлөгөөс ихэнх нь бие барсан үед Сүбээдэй баатар байж л байсан. Их хаанд болон түүний үр, ач нарт гээд гурван үед төрд зүтгэсэн байдаг.

Бага байхаасаа эхлээд түүх сонирхож, судалж, уншиж байсан болохоор хэзээ нэгэн өдөр Сүбээдэй баатрын тухай найраглал, шүлэглэсэн роман ч юм уу бичнэ гэж боддог байсан.

Тэрхүү бодлынхоо биеллийг гүйцээх, түүнчлэн мөрөөдлөө бодит болгох үүднээс бичсэн дээ.

 

-Таны зохиолд найраглал, шүлэглэсэн роман бий юу? Эсвэл анхны шүлэглэсэн болон томоохон бүтээл нь Сүбээдэй баатар уу?

-2000 оны эхэн үед хэд хэдэн урт найраглал бичиж байсан. Тухайлбал “Уулын өчил, “Унасан нутагтаа өргөх шүлэгДали Мундаг хоёр” тууж зэрэг бэсрэг шүлэглэсэн зохиолууд бий. Эдгээр зохиолууд маань "Сүбээдэй баатар" туульс бичих эхлэлийг тавьж урам өгсөн юм болов уу гэж боддог.

 

-Эхний ботийг олон жил бичсэн байна. Хоёр дахь ботийг хэдий хэр хугацаанд бичсэн бэ?

-Эхний ботио бичихэд судалгаа их хийсэн учир ихээхэн цаг хугацаа орсон байх. Удаах ботийг гурван жилийн хугацаанд бичсэн. Одоо гуравдугаар боть дээрээ ажиллаж байна.

 


-"Сүбээдэй баатар" туульсаар тухайн хүнийг илэрхийлэхийг зорьсон уу, эсвэл түүгээр төлөөлүүлэн он цагийг харуулахыг зорьсон уу? Хөлгөн туульсын утга агуулгын талаар...

-Өвөг дээдэс маань бидний төлөө ямар их үйлсийг эхлүүлж дэлхийд мандан бадарч олон улс, орныг зөв хандлагад оруулж, эрхшээж, өөрсдийнхөө монгол ухааныг шингээж тэрхүү суу залиар түүхээ хэдэн зуун дамнуулан бичиж үлдээснийг дэлхий мэднэ.




Үндэсний бахархал талаас нь хойч үе, эх түүхээ судалж уншиж өөрсдийгөө танин мэдээсэй, Монголынхоо түүх, соёлоороо, эцэг дээдэс, эх орноороо бахархах үндэсний үзэл нэвт шингэсэн байгаасай гэж хүсдэг.

Тиймээс олон талын зорилго, зорилттой  бичсэн. Сүбээдэй баатар гэж хэн бэ гэдгийг хөлгөн туульсаас илүү их мэдэх болно. Тухайн баатрын болон он цагийн хэлхээсийг мөн мэдэх боломжтой.

 

-Ботио цааш үргэлжлэх үү? Эсвэл туульсаа төгсгөх үү?

-Магадгүй уран сэтгэмж, дүрслэл, үг хийцээр үргэлжлүүлж болох байх. Чухамдаа түүх үнэн, бодит байх ёстой. Сүбээдэй баатар төрсөн нь үнэн, бие барсан нь үнэн. Тиймээс тухайн хүний он, цаг хэдий хэр удаан үргэлжилсэн түүхийн үнэнд хашигдаж төгсгөх нь ойлгомжтой. Гуравдугаар боть Сүбээдэй баатрын төгсгөлийн боть гэж ойлгож болно. Түүхээс гажиж болохгүй, түүхийг уран сэтгэмжээр зохиож болохгүй шүү дээ.

 


үүхийн ямар эх сурвалжаас судалгаа хийж тулгуур болгосон бэ?

-Монголын нууц товчоо, Алтан товч, Монголын түүхийн сурвалж бичгүүд, шинэ үеийн түүхчдийн бичсэн сурвалж бичиг, гадаад улс орны болон дотоодын түүхчдийн бичсэнээс судалгаа хийсэн. Энэ нь миний хувьд маш том судалгаа болсон.

Жишээ нь нутгийн ард түмэн тухайн үед ямар зан, заншил, ахуй амьдрал нь хэрхэн өрнөдөг байсан, ямар түүхтэй байсан, хаанаас үүссэн, тухайн орон нутаг нь ямар байдалтай байсан, цаг уурын тухай хүртэл судалсан.

Түүнээс ямар ч судалгаагүйгээр бичнэ гэдэг хэцүү. Яг тухайн цаг үе, орчинд нь болж өгвөл өөрийгөө төсөөллөөр байлгаж тэндээс өөрийнхөө сэтгэмж, бодол, сэтгэгдлийг олж уран бүтээлээ би хийдэг.

 

-Таны хүүхдийн нэр сонирхолтой санагдлаа. Яагаад зохиолынхоо баатраар хүүхдэдээ нэр хайрласан бэ?

-Хүмүүс урд өмнө нь асууж байгаагүй юм байна. Яруу найрагч хүний хувьд нэгдүгээрт, цээжний омогшил байсан, хоёрдугаарт, Сүбээдэй баатрыг тэгж их хүндэтгэсэн бахархлын илрэл юм уу даа. "Сүбээдэй баатар" туульс бичиж эхлэх цаг үед миний отгон хүү төрсөн. Бэлгэшээгээд бага хүүдээ Сүбээдэй гэж нэр хайрласан.


 

-Таны зохиолыг ЕБС болон их, дээд сургуулийн түүхийн хичээлд сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглах боломжтой юу?

-Ер нь боломжтой. Гэхдээ би энэ асуудлыг шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан биш болохоор яг тэгнэ гэж хэлж мэдэхгүй. Боловсролын системд нэвтрүүлэх үү, эс нэвтрүүлэх үү гэдэг соёлын болон боловсролын яамны мэдэх асуудал.

Таны хэлснээр сургалтын хэрэглэгдэхүүн болгох үгүйг мэдээж сайтар судалж үзэх байх. Нөгөөтэйгүүр чанарын шаардлага хангах эсэх нь мэргэжлийн хүмүүсийн судалгаа шийдвэрээр эцэслэгдэнэ. Яг өнөөдөр тийм, болно гэж хэлэхэд эрт бөгөөд цаг хугацааны асуудал.

 


-Номын дизайн, өнгө будгийн хувьд ямар агуулга, шийдлийг илэрхийлэхийг хүссэн бэ?

уульсын том бүтээл гэдэгт нь ач холбогдол өгч хуудас бүрийг шаргал өнгийн дэвсгэр оруулж хийсэн. Мэдээж зохиолтой холбоотой зураг, дүрслэл орсон. Нэг ботийн эхийг бэлтгэж бэлэн болгоход бүтэн жилийг зарцуулдаг. Уг бүтээлийн дизайн тал дээр "Дархан принт" хэвлэлийн газрын захирал Т.Банзрагч дүү ажилласан. Гурав дахь боть дээр ч мөн адил ажиллана.




Жил орчим хугацаа зарцуулдаг нэг хэсэг нь кирилл бичгээс гадна босоо монгол бичгээр хэвлэгддэг. Монгол бичиг рүү гараар бичиж хөрвүүлдэг. Уг ажлыг Од цогцолбор сургуулийн монгол бичгийн багш Х.Одхүү гүйцэтгэдэг.




Монголын ард түмэнд оюуны үнэт өв болон үлдэх туульсын зохиол бичиж үлдээж байгаадаа баяртай байна. Хамтран ажилладаг хэвлэлийн компани, үнэтэй сургаалаа хайрладаг эрдэмтэн, докторууддаа, зөвлөн тусалдаг бүхий л хүмүүстээ баярлаж явдгаа илэрхийлж, дэлхийн яруу найргийн өдрийн мэндийг дэвшүүлье.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

 

Холбоотой мэдээ