Өмнөд Хятадад хурдны галт тэрэгний далай доогуурх хонгил замыг өрөмдөх ажил дуусжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2024-03-18 14:34:06

ЖАНЖЯН, 2024 оны гуравдугаар сарын 18 /Xinhua/. Өмнөд Хятадын Жанжян буланд өндөр хурдны галт тэргэнд зориулсан далай доогуурх төмөр замын хонгилыг өрөмдөж дуусжээ. Уг хонгил нь Гуанжоу, Жанжян хотуудыг холбосон өндөр хурдны төмөр замын нэг хэсэг юм. Хонгилыг өрөмдөж, зам тавих ажил 33 сар үргэлжилсэн байна.


Жанжян булан дахь усан доорх хонгилын нийт урт нь 9640 м бол хамгаалалтын хэсгийн урт нь 7551 м юм. Уг хонгилыг давхар замтай нэг хонгил хэлбэрээр тавьжээ. 


Хятадын инженерүүдийн гайхалтай ур чадварыг харуулсан энэхүү хонгилын далай доогуурх хэсэг нь 2500 м, хуурай газраар дайран өнгөрөх хэсэг нь 5051 м бөгөөд хонгилыг өрөмдөхөд “Юншин” /Yongxing/ цооног өрөмдөгч машиныг ашигласан байна.


14.33 м-ийн голч бүхий “Юншин”  машин нь ойролцоогоор 5 давхар байшинтай тэнцэх овор хэмжээтэй. Хонгилыг өрөмдөж, доторлох явцад уг машиныг өндөр даралтын дор 50 орчим м-ийн гүнд ажиллуулсан байна.


"Далайн хэсэг дэх хамгаалалтын бүрхүүл тавигдсан хамгийн гүн хэсэг нь 52 метр, ус ба хөрсний даралт 5.2 бар бөгөөд энэ нь хумсын чинээ хэмжээтэй талбайд 5.2 кг даралт үзүүлж байна гэсэн үг" хэмээн Хятадын төмөр замын товчооны 14-р багийн инженер Хэ Жилиан тайлбарлалаа. 


“Юншин” нь сард дунджаар 260 м газрыг, хамгийн дээд тал нь 520 м газрыг өрөмдөх хүчин чадалтай ажээ. 







Холбоотой мэдээ