Ц.Сэвжидийн нэрэмжит уралдаанд Хан Хэнтий чуулгын бүжигчид тэргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-10-03 09:53:52

Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай бүжиг дэглээч  Ц.Сэвжидийн нэрэмжит “Бүжиг дэглээч, гоцлол, цөөхүүл бүжигчдийн улсын IV уралдаан”-ы шилдгийн шилдгүүд өнгөрсөн бямба гараг буюу энэ сарын 1-нд Дархан хотноо уран бүтээлээ үзэгчдэд өргөн барилаа.

Тус  уралдааныг  Дархан-Уул аймгийн ИТХ, ЗДТГ, Монголын Урлагийн ажилтны холбоо, ҮДБЭЧ хамтран Дархан хотын 55 жилийн ойн баярт зориулан зохион байгуулав.

Үндэснийхээ бахархал болсон бүжгийн урлагаа сэргээн хөгжүүлэх, мэргэжлийн бүжигчдийн урын санг баяжуулах, ахмад үеийнхээ авьяас чадварыг нь үргэлжлүүлэн мөнхжүүлэх зорилготой гурван жил тутам зохион байгуулдаг тус уралдаанд мэргэжлийн бүжигчид болон бүжиг дэглээчид оролцсоноороо онцлогтой.

Уралдаанд ЦДБЭЧ, СУИС, Сүлд чуулга болон Хөвсгөл, Завхан, Дундговь, Дорнод, Увс, Хэнтий, Дархан-Уул аймгийн 270 гаруй уран бүтээлч гоцлол, хоёрол, гурвал, цөөхүүл, бүжиг дэглээч гэсэн төрөлд авьяас чадвараа сорив. Уралдааны Гран при шагналын эзнээр Хэнтий аймгийн Хан хэнтий чуулгын бүжигчид шалгарчээ. Гран при шагналын эзнийг БСШУЯ-наас 5 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан байна.

Дашрамд дурдахад, Ц.Сэвжидийн нэрэмжит улсын анхдугаар уралдаан 1996 онд болж, 100 гаруй уран бүтээлч өрсөлдөж байжээ.

Холбоотой мэдээ