Унгарчууд дүрвэгчдийн квотыг дэмжсэнгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-10-03 08:59:45

БУДАПЕШТ. /Xinhua/. Европын Холбооноос /ЕХ/ гаргасан дүрвэгчдийн квот тогтоох тухай шийдвэрийг Унгарт болсон бүх нийтийн санал асуулгад оролцогчдын дийлэнх нь эсэргүүцлээ.

Ням гарагт болсон санал асуулгад оролцогчдын 98 гаруй хувь нь квотыг эсэргүүцэж буй засгийн газраа дэмжсэн байна. Гэхдээ сонгогчдын ирц 43 орчим хувьтай байсан учир санал асуулгыг хүчинтэйд тооцохгүй аж.  Сонгогчдын ирц 50 хувьд хүрсэн тохиолдолд санал асуулгын дүнг хүчин төгөлдөрт тооцох ёстой юм.

Дүрвэгчдийн квотыг эсэргүүцэж буй засгийн газрынхаа байр суурийг Унгарын гурван сая 250 мянган сонгогч дэмжжээ. 2003 онд явуулсан санал асуулгад гурван сая 50 мянга гаруй хүн оролцон Унгарыг ЕХ-нд нэгдэхийг дэмжиж байсан билээ.

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан өнөө өглөө хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ “унгарчууд сонголтоо хийлээ” гэж хэлээд, санал асуулгын дүнг хүчингүйд тооцох тухайд үг дурдаагүй байна.

Мөн тэрбээр цааш нь ярихдаа “квотоос татгалзаж, дүрвэгчдийн талаарх бодлогыг эргэн харахыг ЕХ-ноос хүсэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналыг өргөн барина” гэв.

Дүрвэгчдийн хямралыг хамтран шийдвэрлэж, улс бүр тодорхой тооны дүрвэгч хүлээж авах ёстой гэсэн ЕХ-ны бодлогыг тус холбооны бусад гишүүн орнууд, тухайлбал Словак болон Румын мөн эсэргүүцэж байгаа юм.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ