ХОВД: Татмын ойг хамгаалж 175 мянган мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-03-13 13:04:30

Жаргалант, 2024 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/  НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска тэргүүтэй ажлын баг Ховд аймагт зочиллоо.

Тус аймгийн Засаг дарга Э.Болормаа болон онцгой байдал, цаг уур, хөдөө аж ахуй, байгаль орчны салбар байгууллагын төлөөллүүд энэ сарын 12-нд дээрх ажлын багийг хүлээн авч уулзсан юм.  

Энэ үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр уур амьсгалын өөрчлөлтөд малчдын дасан зохицох чадварыг нэмэгдүүлэхээр хэрэгжүүлж буй "АДАПТ" төслийн хэрэгжилтийн талаар ярилцав.  


Энэхүү төсөл нь 2021-2028 онд  Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймагт хэрэгжиж байна.

Төслийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлт болон хүний хүчин зүйлсийн нөлөөгөөр эрсдэлд ороод буй голын татам орчмын ургамлын нөмрөг, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах үүднээс татмын ойжуулалтын ажлыг зорилтот аймгуудад хийж байгаа.

Тухайлбал, өнгөрсөн онд Ховд аймгийн 10 сумын нутаг, 250 га газарт татмын ойг хамгаалах зорилгоор 175 мянган ширхэг мод тарьжээ.

Мөн зудын эрсдэлийн зураг гаргах, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр гарын авлага бэлтгэх, цаг уурчдыг чадавхжуулах, бэлчээрийн ус хангамжийг нэмэгдүүлэх үүднээс хөв цөөрөм байгуулах зэрэг олон талт ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.  


Дээрх ажлын баг энэ сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Ховд аймгийн Дөргөн, Мянгад суманд ажиллаж, төслийн үр шимийг хүртэж буй малчин өрхүүдээр зочлох юм. 

 

Холбоотой мэдээ