АРХАНГАЙ: 15798 толгой богийн хээлтүүлэгчийг үзлэг ангилалд хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-03-12 10:55:50

Эрдэнэбулган, 2024 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Архангай аймаг “Баталгаажсан үүлдэр, омгийн бог малын хээлтүүлэгчид үзлэг ангилалт хийх, баталгаажуулах, ялган тэмдэглэж бүртгэлжүүлэлт хийх” ажлыг өнгөрсөн намар хийжээ.

 

Архангай аймгийн хэмжээнд 11 мал үржүүлэг технологийн аж ахуйн нэгж, сумдын ЗДТГ, сумын хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн, багийн Засаг дарга нартай хамтран 18 сумын 81 суурийн 10485 толгой хуц, 5313 толгой ухна, нийт 15798 толгой богийн хээлтүүлэгчийг үзлэг ангилалд хамруулж, ялган тэмдэглэж, бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулсан байна.

 

Үзлэг ангилалд хамрагдсан 15798 толгой хээлтүүлэгчийн 3174 толгой буюу 20 хувь нь цөм сүрэгт, 8882 толгой буюу 56.2 хувь нь үржлийн сүрэг байжээ. Харин 3742 толгой буюу 23.7 хувь нь жишигт тэнцээгүй, хэрэгцээний сүрэг байсан тул хэрэгцээлэх, үржилд ашиглахгүй байх зөвлөмж чиглэлийг өгчээ.


Мөн “Малын үүлдэр, угсааг сайжруулах” төслийн хүрээнд нийлүүлсэн Хотонт үржлийн хэсгийн 500 толгой хонийг ялган тэмдэглэн бүртгэлжүүлсэн байна. 

Холбоотой мэдээ