БАЯН-ӨЛГИЙ: Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын баг байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-03-06 16:06:36

Өлгий, 2024 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутгаар өнгөрсөн сард олон удаагийн давтамжаар их хэмжээний цас орсон.


Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан судалгаагаар тус аймгийн Булган сумын нутаг 100 хувь цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан 30-95 см, хунгарласан газраа 100-170 см байгаа. Мөн Дэлүүн, Алтай, Сагсай, Улаанхус, Толбо, Цэнгэл сумын нутгийн 90-95 хувь нь цастай, цасны дундаж зузаан 4-30 см, хунгарласан газраа 40-90 см, уулархаг нутгаар хунгарласан газраар 90-140 см цастай байна. Бусад нутгаар цасны дундаж зузаан 2-20 см, хунгарласан газраар 15-30 см, уулархаг нутгаар 35-70 см цастай.


Гуравдугаар сар гарсаар нийт нутгаар цаг агаар дулаарч, шар усны үер болон гол, нуурын усны түвшин нэмэгдэж үерлэх эрсдэл нэмэгдэж байгааг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.


Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2024 оны 141 дүгээр захирамжаар шар усны үерийн эрсдэлийн үнэлгээг хөдөөгийн 12 сум, 1 тосгоны хэмжээнд хийх ажлын багийг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга П.Жанаргүлээр ахлуулан байгуулсан. Мөн Өлгий хотын хэмжээнд шар усны үер болон Ховд голын үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөн зохион байгуулах ажлын багийг тусад нь байгуулан ажиллуулж байна.


Иймээс том, жижиг гол, нуур, гуу жалганы эрэгт эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрхүүд зайдуу газар нүүж суурьших, жалга, далан, шуудууг цэвэрлэж ус чөлөөтэй урсах нөхцөл бүрдүүлэх, сонор сэрэмжтэй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Азат иргэдэд анхаарууллаа. 

Холбоотой мэдээ