Пакистаны Ерөнхий сайдаар Шехбаз Шарифыг томилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-03-04 09:36:08

ИСЛАМАБАД, 2024 оны гуравдугаар сарын 4 /BBC/. Пакистаны шинээр байгуулагдсан парламент Шехбаз Шарифыг Ерөнхий сайдаар томилсноор тэрбээр уг албан тушаалыг хоёр дахь удаагаа хашихаар боллоо.


Тэрбээр шоронд хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханы дэмжиж байсан өрсөлдөгчөө ялжээ. Бүх нийтийн сонгууль болсноос гурван долоо хоногийн дараа дээрх томилгоог хийсэн бөгөөд сонгуулийн үеэр айлган сүрдүүлсэн, сонгогчдын саналыг луйвардсан гэх шүүмжлэл гарч байсан юм. 


Ш.Шарифын “Муслимын лиг” нам /PML-N/ сонгуулийн дүнгээр хоёрдугаарт орсон бол И.Ханы “Шударга ёсны төлөө хөдөлгөөн”-ий /PTI/ дэмжлэгтэй бие даан нэр дэвшигчид хамгийн олон суудал авсан хэдий ч олонх болж чадаагүй байна.


Ням гарагт Үндэсний ассамблейн дарга Аяз Садикийн мэдэгдсэнээр, Шариф парламентын 201 гишүүний саналыг авсан байна. Ерөнхий сайдаар томилогдохын тулд түүнд 169 санал хэрэгтэй байсан юм. Харин И.Ханы PTI намын дэмжиж байсан, түүний өрсөлдөгч Омар Аюб 92 санал авчээ. 


Ш.Шариф Ерөнхий сайдаар томилогдсоны дараа хэлсэн үгэндээ парламентад аль ч тал олонх болж чадаагүй тул ижил үзэл санаатай намууд эвслийн засгийн газар байгуулах ардчилсан арга зам бий гэж хэллээ. 


Өнгөрсөн сард болсон сонгуулийн дараа Ш.Шарифын ах, Ерөнхий сайд асан Наваз Шарифын тэргүүлсэн PML-N” нам Пакистаны Ардын намтай /PPP/ эвслийн гэрээ байгуулсан байна. Уламжлал ёсоор өрсөлдөгчид байсан хоёр нам 2022 онд И.Ханыг Ерөнхий сайдаас огцруулж, түүнийг халааг Ш.Шариф авахад хүчээ нэгтгэж байлаа.


Өнгөрсөн наймдугаар сард ассамблейг тараасны дараа Пакистаныг түр засгийн газар удирдаж байсан юм.


И.Ханы хувьд хоёрдугаар сарын 6-нд болох сонгуулийн өмнө шоронд хоригдож, нэр дэвших эрхээ хасуулжээ. Эрх баригчид намд нь шахалт үзүүлэхийг оролдож байгаатай холбоотойгоор түүнд эрүүгийн болон иргэний 150 гаруй ял тулгаж байгаа бол түүний хувьд бүгдийг нь үгүйсгэж байна. Улмаар “PTI” намын нэр дэвшигчид бие даан нэр дэвшихээс өөр аргагүй болсон хэдий ч бусад намаас олон суудал авчээ.

Холбоотой мэдээ