Хятадын цахилгаан соронзон галт тэрэг хурдны дээд амжилт тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
Jargal.d@montsame.mn
2024-03-01 17:37:22

ДАТУН, 2024 оны гуравдугаар сарын 1 /Xinhua/. Хятадын “T-Flight” гэдэг цоо шинэ загварын цахилгаан соронзон галт тэрэг хурдны шинэ дээд амжилтыг тогтоожээ. Соронзон дэрт уг галт тэрэг вакуум хоолой дундуур цагт 623 гаруй км хурдалсан байна. 


Туршилтыг Шаньси мужийн Датун хотод хийжээ. Галт тэрэг тогтвортой соронзон хөндийрүүлэлт бүхий хоёр км урт туршилтын хоолой дундуур хурдалсан байна. Харин уг тээврийн хэрэгслийг зохион бүтээсэн Хятадын Агаар сансрын шинжлэх ухаан, аж үйлдвэрийн корпорац (CASIC) туршилтын дүнг тодорхой зарлаагүй тул цахилгаан соронзон галт тэрэгний бодит хурд нь дээр дурдсан үзүүлэлтээс илүү өндөр байж магадгүй. Энэхүү төсөл нь цагт 1000 км-ээс илүү хурдалдаг, өөрөөр хэлбэл арилжааны нисэх онгоцноос хурдан галт тэргийг зохион бүтээх зорилготой юм. 


Ийм тээврийн хэрэгслийг зохион бүтээхийн тулд Хятадын инженерүүд хэд хэдэн технологийг хөгжүүлэх шаардлагатай болжээ. Тухайлбал, хэт дамжуулагч өндөр хэмийн соронзон дүүжингийн технологи чухал үүрэгтэй. Энэ нь галт тэргийг газраас хөндийрүүлж, үрэлтийн хүчийг арилгадаг. Түүнчлэн галт тэргийг аэродинамикийн татах хүчнээс ангижруулах вакуум орчныг бий болгох нь чухал. Мөн нарийвчлал асар өндөр байх ёстойгоос гадна галт тэрэгнүүдийн өгч буй асар их ачааллыг тэсвэрлэх чадвартай бетон хийцийг бий болгох нь туйлын хэцүү юм. 

Холбоотой мэдээ