АНУ-ын эмч нар өөрсдийн бүтээсэн багажаараа мэс заслын хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-09-30 16:00:22

АНУ-ын Юта их сургуулийн эмч нар өөрсдийнхөө бүтээсэн өртөг багатай чанартай дурангийн мэс заслын багажаараа Төв аймгийн 16 иргэнд хагалгаа хийхээр болсон байна.

Хагалгаатай холбоотой үзүүлэх сургалт семинарыг энэ сарын 26-нд хийсэн бөгөөд өнөөдөр өглөөнөөс эхлэн анхны хагалгаагаа хийсэн нь дэлхийн 30 гаруй оронд цахим ертөнцөөр таржээ.

Дурангийн мэс заслын багаж тоног төхөөрөмж нь өртөг өндөртэй төдийгүй гэрэл, камер, мэс заслын багаж нь тус тусдаа  байдаг байна. Энэ асуудлыг Зинокор компаний гүйцэтгэх захирал Ашак Кендкар шийдэх үүднээс гурвууланг нь нэгтгэж 95 ам.доллараар үнэлэгдэх багажийг бүтээж чаджээ. Бүтээсэн даруйдаа өөрийн орондоо туршиж амжилттай болсноор Монгол Улсад багажаа нэвтрүүлэн үнэ төлбөргүй хагалгаагаа хийх шийдвэрийг АНУ-ын Юта их сургуулийн эмч нар, Монголын дурангийн мэс засалчдын холбооны эмч нар, Төв аймгийн мэс заслын эмч нартай хамтран  гаргаж ийнхүү ажил хэрэг болгосон байна.

Өнөөдрийн байдлаар 10 хүнд цөсний хагалгааг амжилттай хийж дууссан байна. Дээрх багажаар 25 хүнд хагалгаа хийх боломжтой төдийгүй Төв аймагт болон Улаанбаатар хотын 1-р эмнэлэг дээр хагалгаагаа хийж дуусгаад багажаа үлдээх гэнэ.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ