“Миягино” дэвжээний бөхчүүд хорионд оржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-28 10:17:59

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Дэглэлтийн хэрэг гарсан Миягино дэвжээг хянан ажиллахаар Исэгахама галаас томилогдсон Тамагаки ояката өнөөдрөөс ажилдаа оржээ.


Тэрбээр Миягино дэвжээний бөхчүүдэд маш хатуу шаардлага тавьжээ. Түүний тавьсан шаардлагад, зайлшгүй хэрэгцээт зүйл худалдаж авах, эмнэлэгт үзүүлэхээс бусад тохиолдолд гадагш гарах, гадуур хооллох, ивээн тэтгэгч нартайгаа уулзахыг ч хориглосон заалт оржээ. Түүнчлэн башё өндөрлөсний дараах уламжлалт хүлээн авалтыг ч хориглосон байна.


Тамагаки ояката “Хэт хатуу санагдаж байж болох ч Миягино дэвжээний хувьд хүнд бэрхшээлийг даван туулах цаг ирсэн. Хэрэв хүчирхийллийн хэрэг дахин давтагдвал дэвжээ ч, бөхчүүд нь ч байхгүй болно. Энэ дэвжээнд харьяалагддаг бүх хүнд ямар байдалд ороод байгааг нь ухамсарлуулах ажлыг хамгийн түрүүнд хийнэ. Хийсэн үйлдэл, хэлсэн үг бүрдээ хариуцлагатай хандахыг тэдэнд заана. Дөрөвдүгээр сараас хойш юу болохыг Исэгахама галаас шийднэ” гэжээ.

Холбоотой мэдээ