О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газар 29 салж, 12.6 га талбай үлджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-27 16:42:15

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрын асуудлаар мэдээлэл сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Тэрбээр Нийслэлийн газрын алба, Хот байгуулалтын газар, Өмчийн харилцааны газартай ярилцаж, нөхцөл байдалтай танилцлаа. Анх 1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг өмч хувьчлалаар ягаан тасалбараар хувьчилсан. Тэр үед 30 хувь нь хувийн эзэмшилд очиж, 70 хувь нь нийслэлийн өмчид үлдсэн. Дараа нь 2003 онд иргэн Т.Нямдаваа гэдэг хүн 30 хувиа 49 болгож, нийслэл 51 хувийг өмчилсөн. Гэхдээ маш үл ойлгогдох байдлаар 400 мянган төгрөгийн асуудлаас болж зөвхөн ТУЗ-ийн шийдвэрээр 49 хувиа 51 болгож өмчилсөн. Ерөөсөө НИТХ-аар шийдвэр гаргаагүй. Бидний хувьд наадмын талбайгүй болж, битүү барилга баригдаад байна.


Нийслэл 2005 оноос давамгайлсан бус 49 хувийн өмчлөгч болж, Төв цэнгэлдэх хүрээлэн” компанид 38 га газартай болсон. Өнгөрсөн 2005 оноос хойш газар нь 29 салж, 12.6 га үлджээ. Мэдээж газрыг нь зарж идсэн гэсэн үг. Жил бүр нийслэлээс Төв цэнгэлдэх хүрээлэнд урсгал засвар хийдэг. 2008 оноос урсгал засварт 4.6 тэрбум төгрөг зарцуулсан байна. Цэнгэлдэхийн баруун талд Мөнх сан” компанийн эзэмшил барилга барьж байна. Энэ бол иргэн Т.Нямдаваагийн хүүхдийн компани. Өөрсдөдөө газраа хувьчилж авч, өндөр барилга барьж байна. Энэ газар дээрээ анх орон сууцны зориулалттай барилга барина гэсэн хэрнээ үйлчилгээний зориулалттай болгон өөрчилжээ. Уг барилгыг шалгаж, зогсооно.


Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах нийтийн эзэмшлийн талбайг давж, авто зогсоол хийлгэсэн. Үүнийг нийслэлээс зогсооно. Энэ компанийн баримт бичгүүдийг авч үзэхээр 2023 оны арваннэгдүгаар сар хүртэл улсын бүртгэл дээр ганцхан иргэн Т.Нямдаваагийн эзэмшил дээр явж ирсэн. Нийслэлийн 49 хувь бүртгэгдээгүй. Компанийн захирал хувь эзэмшлийг зөв бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй.


Тус компанийн ТУЗ-д төрсөн дүү, хүүхэд нь байхаас гадна нийслэлээс хоёр хүн байдаг. Уг нь хувьцаа эзэмшигчдийн хурал хийх ёстой ч ТУЗ-ийн хурал хийдэг. Нийслэлээс жил бүр олон ажил хийсэн ч тус компаниас мэдээлэл өгч, хуралддаггүй. Дүрмийн сан нь нийт 210 сая төгрөг. Тэрнээс хэд дахин хөрөнгө оруулалтыг нийслэлээс хийсэн. Одоо ТУЗ-өө хуралдуулахгүй бол шүүхэд хандана гэв.

Холбоотой мэдээ