СҮХБААТАР: Дөрвөн багийн 416 км замыг нээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-02-27 07:34:28

Баруун-Урт, 2024 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын шуурхай баг хоёрдугаар сарын 24-нд тус аймагт ажиллалаа.


Сүхбаатар аймгийн бүх сум мөсөн зудын ангилалд шилжсэн, малчин өрх бүр тавиас дээш хувийн малын хорогдолтой. Өвөлжилтийн нөхцөл байдал зүүн гурван аймагт, тэр дундаа Сүхбаатар аймагт маш хүнд байгааг ажлын багийнхан тодотголоо.




Засгийн газраас тус аймагт 140 тонн тэжээл,  хоёр мянган тонн улаан буудай олгосон. Мөн туулах чадвар сайтай долоон автомашинтай, зэвсэгт хүчний алба хаагчид сумд доторх замыг нээх ажлыг өдөр бүр хийж байна. Тэжээлийг сумдад хуваарилсан, харин улаан буудайг Улаанбаатар хотоос ойрын хугацаанд татан авахыг үүрэг болголоо.



ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан шуурхай багийнхан Түмэнцогт, Сүхбаатар, Мөнххаан, Баруун-Урт суманд ажиллаж, нөхцөл байдалтай танилцах, Засгийн газраас илгээж буй тусламжийг малчны хотонд хүргэх, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай ажлын талаар малчид болон орон нутгийн удирдлагуудтай санал солилцож, үүрэг чиглэл өгч явна.



Мөнххаан сумын хувьд нутаг дэвсгэрийн 90 хувь цасан бүрхүүлтэй төмөр зуд нүүрлэсэн. 1169 малчин өрхийн 410 мянган толгой малтай. 40 гаруй мянган мал Дорнод аймийн нутгаар оторлож байгаа. УОК-оос илгээсэн Зил -131 машинаар дөрвөн багийн 416 км замыг нээжээ.



Сумын удирдлагууд цасанд боогдсон замыг гаргахад УОК-оос өгч байгаа тэжээл, шатахуун маш их дэмжлэг болж байна. Гэхдээ цаашид дахин өвс, тэжээлийн тусламж нэн тэргүүнд шаардлагатай, цаашид цөөн малтай үлдэж хохирол амссан өрхүүдийг малжуулах асуудлыг онцгой анхаарахыг хүслээ.

Мөн үхсэн малын сэг зэм устгахад дэмжлэг үзүүлэх, зам гаргаж буй Зил-131 автомашины ажиллах хугацааг сунгаж өгөхийг уламжилсан. Тиймээс Зүүн бүсийн шуурхай бүлгийн бүрэлдэхүүн зудын их эрсдэлтэй сумдад ажиллах үеэрээ улсын Онцгой комиссоос гаргасан зарим машины ажиллах хугацааг сунгаж 21 хоног болгов. Орон нутгийн зүгээс зудын үед авч хэрэгжүүлж буй ажилтай танилцаад, сумдын ЗДТГ болон эрүүл мэндийн төвүүдийн автомашинд парк шинэчлэл хийсэн нь цаг үеэ олсон, зөв хөрөнгө оруулалт болж чадсан гэдгийг сайшааж байлаа.

 

Холбоотой мэдээ