АРХАНГАЙ: 11 сум цагаан зудтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-02-26 11:05:26

Эрдэнэбулган, 2024 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд 2 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар гаргасан зудын үнэлгээгээр Цахир, Тариат, Хангай, Өндөр-Улаан, Чулуут, Эрдэнэмандал, Жаргалант, Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр, Эрдэнэбулган гэсэн 11 суманд “цагаан зуд”-ын, Цэцэрлэг, Хайрхан, Өлзийт, Батцэнгэл, Өгийнуур Хашаат, Булган гэсэн 7 суманд “цагаанаар зудархуу” нөхцөл үүссэн байгааг мэдээлж байна.


Харин энэ сарын 21-ний өдрийн байдлаар 114 109 толгой мал хорогдсоныг аймгийн ОБГ-аас мэдээлсэн. Үүний дотор Эрдэнэмандал, Хангай, Цахир, Хайрхан, Өндөр-Улаан сум хамгийн их хорогдолтой байна. Хорогдлыг авч үзвэл тэмээ 1, адуу 7004 толгой, үхэр 39.729 толгой, хонь 41.216 толгой, ямаа 26.159 толгой мал тус тус хорогдсон байна.


Өвөлжилт хүндэрсний улмаас зам хаагдсан 2952, холбоо барьж чадаагүй 707, өвс тэжээлийн хомсдол үүссэн 65 малчин өрх байна.


Аймаг, сумын аюулгүйн нөөцөд 1100 тн өвс, 620 тн тэжээл бэлтгэхээс 1200 тн өвс, 567,8 тн тэжээл бэлтгэжээ. Үүнээс 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 793,6 тн өвс, 408,3 тн тэжээлийг зарцуулж, 407,2 тн өвс 159,5 тн тэжээлийн үлдэгдэлтэй байгааг аймгийн удирдлага онцлов.


Аймгийн аюулгүйн нөөцөд 150 тн өвс, 40 тн тэжээл байгаа ба зарцуулж эхлээгүй байна. Жаргалант, Өгийнуур, Хотонт, Эрдэнэмандал, Ихтамир зэрэг сумд аюулгүйн нөөцөө зарцуулж дууссан нөөцгүй, бусад сумд аюулгүйн нөөцөө зарцуулж  байгааг аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Холбоотой мэдээ