АРХАНГАЙ: Малчдад амин дэмийн багц хүргэх зардалд дэмжлэг үзүүлэхээр болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-02-23 16:45:34

Эрдэнэбулган, 2024 оны хоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Засгийн газрын 62 дугаар тогтоол, УОК-ын 2 дугаар тушаалаар томилогдсон, УОК-ын дэд дарга, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан Шуурхай бүлэг Архангай аймагт өнөөдөр ажиллаж байна.


Энэ сарын 23-ны 10.00 цагт аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг хуралдуулж, хаваржилтын нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсон, тулгамдсан асуудлаа ярьж, зарим асуудлыг шийдвэрлэлээ.



Хурлын эхэнд УОК-ын дэд дарга, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 2 дугаар сарын 15-наас 5 дугаар сарын 15 хүртэл хугацаанд гамшгийн өндөржүүлсэн /улбар шар/ бэлэн байдалд шилжүүлсэн. Манай Шуурхай бүлэг Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгийн хаваржилтын нөхцөл байдалтай танилцан, УОК, Засгийн газраар шийдвэрлүүлэх асуудлыг тодорхойлох зорилготой явж байна. Зудын гамшгийн эрсдэлийн онцгой нөхцөлд байгаа таван аймгийн нэг нь Архангай аймаг” хэмээн онцлоод УОК, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгч, хаваржилтын болон мал хорогдлын мэдээг бодитой гаргаж мэдээлэх, малчдад зөв мэдээллийг өгч байхыг хүслээ.



УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн:

-Архангай аймагт 675 тн улаан буудайг хуваарилна. Хүнсэнд хэрэглэх нөөцийн улаан буудай учраас малчдад өгөхдөө улаан буудайг хэрхэн бэлтгэж, малаа тэжээх тухай заавартай нь өгөх,

-Аймаг, орон нутгийн зүгээс 20-40 хоногийн бэлэн байдлыг хангаж, хивэг, тэжээл татах,

-Хариуцлага алдсан буюу отрын мал, малчныг хөөсөн, албан тоот явуулсан, бүр зарим малчнаас авлигын шинж чанартай зүйл авсан зарим сум, багийн Засаг дарга нарыг шалгаж, хариуцлага тооцох,

-Улсын нөөцөөс өгч буй өвс, тэжээлийг малчдад ялгавартай байдлаар өгөхгүй, жигд өгч хамруулахыг анхааруулах,

-Хангай, Цахир, Тариат сумын малчдаас малыг нь худалдан авна гээд “батламж” өгөөд малыг нь аваад явсан залилангийн хэрэг гарсныг Цагдаагийн газар анхааралдаа авч ажиллах,

-Малчны тухай хуульд малчны хариуцлагын талаар болон Гамшгийн тухай хуульд оруулах саналуудаа өгөх зэрэг тодохой хэдэн зүйл дээр анхаарч ажиллахыг хүслээ.


Гадаад хэргийн сайд, МУЗН-ийн ерөнхийлөгч Б.Батцэцэг:

-“Хаваржилтын нөхцөл байдал хүндэрч, бид бүх л талаараа хамтран ажиллаж байна. Бид ОУБ-ууд руу тусламж дэмжлэг хүсэж, өнөөдрийн байдлаар 2 тэрбум орчим төгрөгийн хандив цуглаад байна. Үүнийгээ бид эхний ээлжинд 4000-аад өрх бүрд тус бүр нь 550 мянган төгрөгийн малын эрдэс тэжээлийн багцыг бэлтгэж байна. Аймаг бүрд 100-150 өрхөд олгоно. Малчдад шаардлагатай зүйлсийг нарийн судлаад МУЗН рүү явуулбал бид ОУБ-ууд руу хандахад хялбар болдог” гэв.



Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай:

-Ерөнхийлөгч бодлогын түвшинд анхаарч байна. Орон нутагт хамгийн ойр нь “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд олгож буй хөнгөлөлттэй зээл юм. Энэ зээлийг малчдад түлхүү олгох тал дээр анхаарч ажиллаарай. Асуудлыг өнөөдрөөр харж, машин техник шийдүүлэх гэхээсээ илүү бодлогын томоохон асуудлаа шийдүүлж байх хэрэгтэй.

Энэ мэтчилэн УОК-ын Шуурхай бүлэгт багтсан гишүүд тус бүр өөрсдийн харьяаны асуудал, анхаарч ажиллах зүйлүүдээ хэллээ.



Хуралдааны төгсгөлд аймгийн Онцгой комиссын дарга Б.Цэрэннадмид хэд хэдэн саналуудыг шуурхай шийдвэрлэж, заримыг нь дэмжиж өгөхийг хүслээ. 


-Тариат сумын Эрэн хайх, аврах бүлэгт туулах чадвар сайтай нэг автомашин, албан хаагчдын аврах үйл ажиллагааны хувцас, хэрэглэлийг шийдвэрлэх,

-Сумын ЭМТ-үүдэд шаардлагатай байгаа автомашинуудыг шийдэх,

-Хангай, Хашаат сумын ЗДТГ огт машингүй болсон тул үүнийг шийдвэрлэх,

-Архангай аймгийн улсын чанартай авто замыг “АЗЗА” ТӨХК, “Авто зам” ХХК арчлалт хамгаалалтыг хийдэг. Хувийн “Авто зам” ХХК-иас болж одоо ч Тариатын улсын чанартай авто замын нэг урсгал нь хаагдсан байдалтай байна. “Авто зам” ХХК-ийн ажлыг аймгийн онцгой байдлын алба хаагчид энэ өвөлжингөө хийлээ. Энэ компанид хариуцлага тооцож, ажлыг нь “АЗЗА” ТӨХК-д шилжүүлж өгөх саналыг Зам тээврийн сайдад уламжилж, шуурхай шийдвэрлэж өгөхийг хүслээ.

-Аймгийн давсан орлого байхгүй. Цөөхөн суманд самрын орлого давсан. Ийм учраас Архангай аймгийн төсөв мөнгө хүрэлцээгүй тул төсвийн дэмжлэгт анхаарч өгөөрэй.

-Отроор болон алслагдсан айл өрхүүдэд яаралтай амин дэмийн багц хүргэх ажил бий. Үүнд Эрүүл мэндийн сайдыг анхаарч, дэмжлэг үзүүлж өгөхийг хүсэв.


Цаашид:

-Эрэн хайх аврах бүлгийг Эрдэнэмандал суманд байгуулах хүсэлтийг холбогдох газруудад өгсөн. Үүнийг дэмжих. Цаашлаад зүүн талын суманд ахиад нэг аврах бүлгийг байгуулбал манай аймаг зуд, гамшгийн нөхцөл байдалд бүрэн бэлэн болох онцгой ач холбогдолтой юм.


-МУЗГ-аас байгууллагын автомашин нийлүүлэх бодлогыг өөрчилж, заавал орос машин гэхгүй аль улсын ямар чанартай машин байна, түүнийг нийлүүлдэг байхад анхаарч өгөөрэй. Аймгийн Засаг дарга нар Засгийн газрын болон хэрэг эрхлэх газрын дарга нартай уулзахдаа саналаа хэлсэн. Цаашид ажил болоход нь та бүхэн дэмжээд өгөөрэй.


-Гамшгийн тухай хууль, холбогдох журамд иргэдийн хариуцлагын асуудлыг тусгаж өгөх,


-Архангай аймагт гахайны мялзан өвчин өнгөрсөн зун гарч, бүх гахайг устгаж, туслах аж ахуйгүй болсон. Үүний нөхөн төлбөрт 30 гаруй өрхийн 980 гаруй сая төгрөг гарсан. Банкнаас авсан зээлээ төлж чадахгүй, хүнд байдалд байна. Мал, амьтны тухай хуулиар нөхөн олговор олгох боломжгүй болсон. Тийм учраас энэ асуудлыг шийдэж өгөхөд дэмжиж өгөхийг хүслээ.


-Архангай аймагт 300 ортой эмнэлэг ашиглалтад орж байгаа. Аймгийн Нэгдсэн эмнэлэг одоо байгаа байрнаасаа шинэ эмнэлэг рүү нүүнэ. Энэ зардлын асуудлыг шийдвэрлэж, дэмжлэг үзүүлээч гэв.


-Тариат сумын өргөтгөлийг ашиглалтад авахад гаднах шугам сүлжээг холбох 308 сая төгрөгийн зардал бий. Энэ асуудлыг шийдвэрлэхэд шуурхай арга хэмжээ авч өгөөч,


-Архангай аймагт сувилахуйн сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулах санаачилга гаргаж, төсвөө гарган ТЭЗҮ-ийг гаргачихсан. АШУҮИС-д хүсэлтээ өгсөн. Энэ нь төвийн болон баруун бүсийн хэмжээний том ажил болох юм. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэхэд дэмжиж өгөх хүсэлт тавилаа.


-Дэлхийн банкнаас хэрэгжиж байгаа зам тээвэр, ложистикийг сайжруулах төсөл хэрэгжиж байгаа. Энэ төсөлд Архангай аймаг саналаа өгөөд Архангайгаас Баянхонгор чиглэлийн Булган сум ороод 35 км авто замыг барих ажлыг дэлхийн банкны төслөөр нь хэрэгжүүлэх тал дээр анхаарч өгөөч,


-Хавар малын сэг зэм их гарч, цэвэрлэх, шар усны үер болох, малын гоц халдварт өвчин гарах магадлал маш өндөр. Зарим сумдад ч цэцэг, галзуу өвчин гараад эхэллээ. ХХААХҮЯ, МЭЕГ, Биокамбинет зэрэг холбогдох газрууд нь вакцины тал дээр нэлээд бодитой хандаж, хүрэлцээ, хангалт, хугацаа хоцроохгүй байх асуудал дээр анхаарч өгөөч гэх зэрэг санал, асуудлыг хэлсэн юм.


Өнөөдрийн хурлын төгсгөлд зарим асуудлыг шийдвэрлэж өгөхөөр болсон.

-Аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинэ байр руу нүүх 600 сая төгрөгийг,

-Сумын ЭМТ-үүдэд шаардлагатай 9 авто машиныг,

-Малчдад амин дэмийн багц хүргэх зардалд дэмжлэг үзүүлэх зэргийг шийдэж өгнө гэв. Тариатын ЭМТ-ийн өргөтгөлийн шугам сүлжээг холбох ажлыг судалж үзнэ хэмээн Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хэллээ.

Үүнээс гадна,

- Зудын зэрэгцээ малын халдварт өвчин, цэцэг өвчин гарсан Өгийнуур, үхрийн галзуу өвчин гарсан Чулуут сумдад үхрийн галзуу өвчний 10 мянган тун, цэцэг өвчний 240 мянган тун вакцин энэ 7 хоногт нийлүүлэхээр боллоо.

- Сум, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлууд ойрын хугацаанд хуралдаж, сум, аймгийн төсөв, санхүүгийн нөөцөө зудын эрсдлийг хохирол багатай даван туулахад зарцуулах арга хэмжээ авахаар боллоо.

- Холбогдох байгууллагууд зудын дараах малчдын амьдрал, ирэх өвлүүд, эрсдэлт үзэгдлүүдэд бэлэн байхын тулд бодлогын болон хандлагын өөрчлөлтийг одооноос хийх хууль, эрх зүйн өөрчлөлтийн саналаа шуурхай гаргаж, ирүүлэхийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн санал болголоо.


Тухайлбал,

-Газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт - Малчид ногоон тэжээл тариалах эрх олгох хуулийн өөрчлөлтөд санал өгөх,

-Малчны тухай хууль санаачилж байна - Малчин, МАА-н үйлдвэрлэлийг дэмжих зохицуулалтуудад санал өгөх,

Төрйн албан тухай хууль - Төрийн үйлчилгээ, багийн Засаг дарга нарыг мэргэжлийн чадварлаг байлгах үүднээс багийн дарга нарыг сонгодог бус сонгуульгүйгээр шууд томилдог болох зэрэг хуулийн төслүүд юм.


Ийнхүү аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны төгсгөлд Г.Сайханбаяр сайд "Та бүхний шийдвэрлүүлэхийг хүссэн саналуудыг УОК, Засгийн газрын хуралдаанаар оруулж, шийдвэрлүүлэхийн төлөө ажиллана" гэлээ. 


Шуурхай бүлэг өнөөдөр Ихтамир, Эрдэнэмандал, Хайрхан суманд ажиллана. 

Холбоотой мэдээ