СЭЛЭНГЭ: Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 92.5 сая төгрөгийг нөхөн төлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-02-22 06:40:21

Сүхбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд нэгдүгээр сарын байдлаар нийт 130 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 51 буюу 64.6 хувиар нэмэгджээ.


Нийт гэмт хэргийн 18 буюу 13.8 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Гэмт хэргийн улмаас иргэн болон байгууллагад нийт 511.4 сая төгрөгийн хохирол учирсан нь өмнөх оны мөн үеэс 2.71 сая төгрөгөөр их байгаа юм.


Дээрх учирсан хохирлоос 92.5 сая төгрөгийг нөхөн төлүүлж, нөхөн төлөлт 18.1 хувьтай байна.


Бүртгэгдсэн гэмт хэргийн 34.6 хувь нь хүний амь, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, 31.5 хувь нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, 16.2 хувь нь байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, 7.7 хувь нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 10.0 хувь нь бусад төрлийн гэмт хэрэг эзэлж байгаа аж.


Эдгээрээс өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн 12.2 хувь нь малын хулгай байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16.7 хувиар буурсан байна.


Мөн эхний нэг сарын байдлаар 31 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад эрүүлжүүлэгдсэн хүний тоо 10.7 хувиар нэмэгджээ. Он гарсаар гэмт хэргийн улмаас 38 хүн гэмтэж, 4 хүн нас баржээ.


Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн улмаас 12 хүн хохирсон нь өмнөх үетэй харьцуулахад 10 хүнээр, гэмтэж бэртсэн хүний тоо 14 хүнээр тус тус нэмэгдсэн байна.

Холбоотой мэдээ